Н.Басанхүү: Хэрэглэгчид эрчим хүчийг хэрхэн хэмнэж, үр ашигтайгаар хэрэглэх талаар ойлголт бага байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-05-18 11:58:24

Увс /МОНЦАМЭ/. "Увс Цахилгаан Түгээх Сүлжээ" ХХК-ийн Ерөнхий инженер Н.Басанхүүтэй ярилцлаа. Түүний хувьд Увс аймгийн эрчим хүчний салбарт амжилттай ажиллаж яваа цөөн хэдэн эмэгтэйчүүдийн нэг юм.


-Та "Увс Цахилгаан Түгээх Сүлжээ" ХХК-д хэдэн оноос хойш ажиллаж байна вэ?

-Би анх 2009 онд "Увс ЦТС" ХХК-ийн тооцооны инженерээр ажиллаж эхэлсэн. 2012 онд Борлуулалтын албаны дарга, 2018 оноос хойш Ерөнхий инженерээр ажиллаж байна. Эмэгтэй хүний хувьд эрчим хүчний хариуцлагатай салбарыг сонгосон маань амьдралын хувь тохиол гэж боддог. Өнгөрсөн он жилүүдэд хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг найдвартай, тасалдалгүй түгээх их үйлсэд салбарын нөхөдтэйгээ мөр зэрэгцэн зүтгээд, тодорхой хувь нэмрээ оруулсандаа баярлаж явдаг. Эрчим хүч гэдэг бол улс орны хөгжил, дэвшил төдийгүй айл өрхүүдэд гэрэл гэгээг нэмдэг сайхан үйлс байдаг. Тиймээс эрхэлсэн ажилдаа эзэн болох, бусдад үлгэрлэх, аймаг орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө мэргэжлийн ур чадвараа ахиулахыг хичээж ажилладаг. 

-Эрчим хүчний салбарт эмэгтэй хүн ажиллахад хэр их хүндрэлтэй вэ?

-Манай байгууллага 23 эмэгтэй ажилтантай. Бид хүйсийн ялгаа гаргаж, ажлаас хойш суухгүйгээр хариуцлагатай ажилладаг. Хамт олны уур амьсгал, ажлын уялдаа холбоог сайжруулах, зохион байгуулалтын ажил, тодорхой шийдвэрлэх асуудал бүрд эмэгтэйчүүдийн оролцоо их бий. Гэнэтийн саатал, засварын үед бидний оролцоо хэрэгтэй бол бэлэн байдлаа хангаад, ажлын талбартаа зогсоно. Баруун гурван аймгийн хувьд ОХУ-аас цахилгаан эрчим хүчийг импортлон авдаг. Гол шугамуудад 10 жилийн зайтай гэмтэл үүсэх тохиолдол үе үе гарна. Тухайн үед шуурхай бригад гаргаад аваар, гэмтлийг арилгадаг. Салбарын маань үе үеийн ажилчин, албан хаагчид бие, сэтгэлээ дайчлан ажилласны хүчинд өнөөгийн ажил, үйлчилгээ хэвийн явагдах нөхцөл бүрдсэн байх. Ер нь Увс аймгийн хэмжээний цахилгаан эрчим хүчний хангамжийн асуудлыг хариуцаж байгаа учраас хамт олноороо нэгдэж ажилладаг.  Мэргэжлийн түвшний чадварлаг хүмүүстэй энэ цаг үед баг болон ажиллаж, түүхийг бүтээж байгаа маань бахархал юм даа.

-Цар тахлын үед хэрхэн ажиллаж байна вэ?

-"Увс ЦТС" ХХК нь 115 ажилтантай. Хөдөө сумдад байцаагч, монтёр нийт 43 ажилтан, Улаангом суманд 75 орон тоотойгоор ажиллаж байна. Цар тахлын нөлөөтэй ажилчдыг эрсдэлд оруулахгүй байх, халдвар хамгааллыг сахих зорилгоор үйл ажиллагаандаа багахан өөрчлөлт хийн ажиллаж байна. Мэдээж бидний ажил, үйлчилгээ тасралтгүй, шуурхай хэрэглэгчдэд хүрэх ёстой. Нийт салбарын хэмжээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад хэрхэн ажиллах талаарх шийдвэрийг хүргүүлсэн. Мөн цар тахлын үед  ажилчдын хувь хэмжээг багасгаад 10 хүртэлх хувийн орон тоотойгоор ажиллаж байна. Шугам, засвар үйлчилгээний бригадын хувьд 2 хэсэгт хуваагдаад 7 хоногийн хугацаатай ээлжилж ажилладаг. Мөн тасралтын захиалгаа диспитчерийн үндэсний төвд өгдөг. Энэ хүрээнд 5-р сарын 15-наас их засварын ажлыг хийж байна. Одоогоор байгууллагын үйл ажиллагаанд үүссэн хүндрэл бэрхшээл байхгүй.

-Цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлсэнтэй холбоотой эрчим хүчний хэрэглээ хэр нэмэгдэж байна вэ?

-Айл өрх болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгааны төлбөрийг ирэх 7-р сарын 1-нийг хүртэлх хугацаанд төрөөс хариуцаж байна. Уг шийдвэр гарсны дараа цахилгааны хэрэглээ огцом өссөн. Тодруулбал 12-р сарын 13-наас 1-р сарын дунд үе хүртэл аймгийн хэмжээнд цахилгааны хэрэглээ 10 хувиар өссөн. Харин 1-р сарын 15-наас тогтворжиж өссөн хэмжээндээ байгаа. Хэрэглэгчид эрчим хүчийг амьдралын чухал хэрэгцээний нэг гэдгийг мэддэг ч хэрхэн хэмнэж, үр ашигтайгаар хэрэглэх талаар ойлголт багатай байна. Ямар ч цахилгаан хэрэгслийг техникийн тодорхойлолтын дагуу ашиглаж сурвал эрчим хүчээ хэмнэхээс гадна ашиглалтын хугацааг уртасгадаг зэрэг цахилгааныг хэмнэх олон арга, зөвлөмж байдаг. Иймд иргэдэд хандаад эрчим хүчний хэрэглээндээ хяналт тавьж, аль болох эрчим хүчийг зохистой, хэмнэлтэй байдлаар ашиглахыг зөвлөмөөр байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ