Д.Цогт-Очир: Иргэд 11 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-05-17 19:40:05

Увс /МОНЦАМЭ/. Цар тахлын үед иргэдэд хөдөлмөр, халамжийн үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаа талаар аймгийн ХХҮГ-ын дарга Д.Цогт-Очиртой ярилцлаа.


-Цар тахлын үед хөдөлмөр, халамжийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэж байна вэ?

-Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, иргэдэд хэрэгцээт үйлчилгээг хялбар, шинэлэг аргаар хүргэн ажиллаж байна. Гол төлөв цахим хэлбэрийг ашиглан мэдээлэл, үйчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэхийн дээр иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй, чирэгдэл учруулахгүй байх тал дээр анхаарч байгаа. Цахим засаглалыг хэрэгжүүлэх e-mongolia хөтөлбөрийн хүрээнд халамжийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажил хийж байна. Одоогоор 11 төрлийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжийг бүрдүүлсэн. Иргэд банкин дахь өөрийн дансаараа дамжуулан халамжийн үйлчилгээг авах юм. Мөн цаг үеийн хувьд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүд зарлагдсантай холбогдуулан зар, мэдээлэл, сургалтыг байгууллагынхаа цахим хуудас болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан хүргэж байна.

-Энэ онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөөч?

-2021 онд ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр зэргийг хэрэгжүүлнэ. Эхний төслүүд хэрэгжээд эхэлсэн, бусдынх нь бэлтгэл ажлууд, шалгаруулалт үе шаттай явж байгаа.

Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд иргэдэд зориулсан сургалт зохион байгуулах, нийгмийн харилцааны хүрээнд ажил олгогч нарыг идэвхжүүлэх, сургалтад хамруулах, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ажилгүй иргэдийг цахимаар бүртгэх үйл ажиллагааг явуулсан. Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөртэй уялдуулан ажил олгогч нартай хамтран ажиллах зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хоёр удаагийн цахим сургалтыг зохион байгууллаа.

Мөн Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд хэрэгжиж буй “Интерншип” ажлын туршлага эзэмшүүлэх туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн, шинэ ажилтанд тулгардаг бэрхшээл, тэдгээрийг даван туулах хандлага, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай модуль сургалтуудыг үе шаттай зохион байгууллаа. Уг хөтөлбөр он дуустал хэрэгжих ба зөвхөн ажил хайгч залуус бус, ажил олгогч нарыг цахим сургалтад хамруулан чадавхжуулсан. Нийт 80 залуу сургалтад хамрагдаж мэдээлэл авсан байна.

18-34 насны залуучуудын хувьд ажлын байранд шууд очиход бэлэн бус байдаг. Сэтгэлзүй, харилцаа хандлага төлөвшөөгүйгээс гадна, ажил олгогчийн шаардлагад нийцэхгүй байх тохиолдол гарна. Иймд ажил олгогч, ажил хайж байгаа иргэд, зуучлагч байгууллага гэсэн гурван талын хамтын ажиллагааны хүрээнд Ажил олгогч нарт дадлага, туршлагатай залуусыг бэлтгэн ажлын байранд нь зуучлахыг зорьж байна. Ер нь цаашид бүх зүйлийг төсөл хөтөлбөрөөр шийдэх боломжгүй учир нөөц боломжоо судалж байгаад интерншип хөтөлбөрийг орон нутагтаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.

Бусад төсөл хөтөлбөрүүдийн тухайд энэ жил санхүүгийн дэмжлэг олгох төсөлд 180 сая, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд 68 сая төгрөгийн санхүүжилт ирсэн. Өмнөх жилтэй харьцуулбал нийт санхүүжилтийн гуравны нэг хувьтай тэнцэж байна. Гэхдээ хуваарилсан төсөвтөө тулгуурлан шаардлага хангасан төслүүдэд санхүүгийн дэмжлэг олгохын тулд ажлын хэсэг гарч ажиллаж байна. ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, санхүүгийн дэмжлэгийн хүрээнд төслүүдийг хүлээн авч, шалгаруулах ажлыг зохион байгуулж байна.

-Хөдөө сумын иргэд хамрагдах боломжтой юу?

-Энэ жилийн тухайд төсөв санхүүгийн байдлаас шалтгаалан сум тус бүрт шаардлага хангасан нэг төслийг шалгаруулан, санхүүгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн. Өмнө нь санхүүжилтийн хэмжээг дагаад тухайн сумын баг тус бүрт нэг төсөл дэмжих үе байсан. Гэхдээ энэ жил санхүүжилт бага гэж чамлахгүйгээр нэг ч гэсэн хүнийг ажилтай, орлоготой болгох нь чухал. Улаангом суманд төслүүд зарлагдаад 5-р сарын 7-ныг хүртэл хүлээж авсан. Энэ хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөпөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд 100 орчим төсөл ирсэн байна. Эдгээрээс санхүүжилтийн эх үүсвэрт тулгуурлан 20 төслийг дэмжих боломжтой байна. Цар тахлын үед цахим хэлбэрээр зар мэдээллийг түгээсэн нь иргэдэд их хүрсэн байна. Өмнө нь иргэдийг цуглуулаад сургалт, мэдээлэл хийдэг байлаа. Цаг үеийн хувьд нийтийг хамарсан ажлын хүрээнд Улаангом сумын авто замын шороо цэвэрлэгээний ажилд 60 иргэнийг 5 хоногийн хугацаатай ажиллуулж түр ажлын байраар хангасан.

-Иргэдийн дунд төсөл, хөтөлбөрүүд нүдээ олж байгаа эсэхийг их харддаг?

-ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ирсэн 100 төслийн 20 орчим төслийг дэмжинэ. Мөн санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэээр ирсэн 100 төслөөс 38 төсөлд дэмжлэг олгоно. Өөрөөр хэлбэл санхүүжилтийн хэмжээнд тулгуурлан нийт төслийн тавны нэг хувийг л дэмжих боломжтой гэсэн үг. Тэгэхээр төсөл нь дэмжигдээгүй, шаардлага хангаагүй иргэдийн зүгээс гомдол гаргах, хардлага үүсэх нь бий. Бид төсөл шалгаруулах ажлын хэсэгт төрийн бус байгууллага, иргэний төлөөлөл, ХХААГ, аймгийн ЗДТГ-аас төлөөлөл оруулан хөндлөнгийн хяналтыг сайжруулсан. Иргэдээс ирсэн төсөлтэй танилцаад газар дээр нь очиж үнэлэлт дүгнэлт өгч байна. Аливаа төслийг цаасаар дүгнэх боломжгүй. Учир нь цаасан дээр бичсэн зураглалыг очоод харахаар бодит нөхцөл дээрээ тэс өөр байдаг. Өнгөрсөн жилээс иргэдийг өөрөөр нь төслийг хамгаалуулдаг болсон. Бусад иргэдийн өмнө нээлттэй явуулаад ажлын хэсэг нь тухай бүрд үнэлгээ өгч байгаа. Энэ жил мөн энэ журмаар явагдаж байна.

-Увс аймгийн хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал ямар байна?

-Ажил идэвхтэй хайж байгаа 851 хүн байна. Нэг талаас ажил олгогч нар ажлын байраа зарладаг ч ажиллах хүчин олдохгүй байх тохиолдол бий. Ихэнхдээ ажлын байрны хэрэгцээ шаардлагыг хангадаггүй, мөн цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл зэрэг хүчин зүйлээс шалтгаалан залуучууд нэг ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллахгүй байна. Иймээс ажилгүй иргэд, ажил олгогч нарын харилцан ойлголцол, уялдаа холбоо, нөхцөл боломжийг сайжруулах, чадварлаг ажилтан, ээлтэй ажлын байрыг бүрдүүлэхийн тулд интерншип хөтөлбөрийг аймагтаа хэрэгжүүлнэ.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ