Америкийн агаарын тээврийн компаниуд Израил руу нислэг үйлдэхээ түр зогсоожээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-05-13 16:25:53

ВАШИНГТОН. /VOA/. Израил, Палестины мөргөлдөөн улам даамжрах болсонтой холбогдуулан АНУ-ын “American AirlinesUnited Airlines”, Delta Air Lines” компаниуд Израил руу нислэг үйлдэхээ түр зогсоожээ.


Израил Газын зурваст агаарын цохилт өгч байгаа бол тус зурвас дахь Палестины босогчид Израилын Тель-Авив хот дахь нисэх буудал гэх мэт байршлуудыг онилон пуужин харвасаар байгаа юм.


United Airlines” Чикаго, Ньюарк, Сан-Францискогоос үйлдэх нислэгийг бямба гараг хүртэл хойшлуулжээ. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Тель-Авив руу тавдугаар сарын 25 хүртэл тийз захиалсан хэрэглэгчид чиглэлээ өндөр үнэ төлөхгүйгээр солих боломжтой ажээ.


Мөн “American Airlines” компани Нью-Йорк-Тель-Авив чиглэлийн нислэгийг лхагва, пүрэв гарагт цуцалж, зорчигчдод нислэгийн хуваариа хойшлуулахыг санал болгосныг тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. “Delta” компанийн хувьд мөн ижил чиглэлийн нислэгийг пүрэв гарагт цуцалжээ.


Агаарын тээврийн компаниуд нөхцөл байдлыг сайтар ажигласны дүнд нислэгээ хэвийн үргэлжлүүлэх шийдвэрийг гаргах төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ