“Нэг өрх-нэг мод” аянд нэгдэж мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-13 11:22:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гурванбулаг суманд мод тарих ажил зохион байгуулжээ. Сумын Засаг даргын үйл ажиллагааны “Дөрвөн И” хөтөлбөрт тусгасан сумын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, цэвэр цэмцгэр орчинд иргэдийг тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, агаарын бохирдол, тоосжилтыг бууруулах, цөлжилтийг саармагжуулж “Ногоон сум” болох зорилтыг хэрэгжүүлж “Нэг өрх-нэг мод” аян зарлаад байгаа юм. Төрийн албан хаагчид, сурагчид Бургасан тохой, Соёл амралтын хүрээлэн, “Сансар” цэцэрлэгт хүрээлэнд 1579 ширхэг мод тарьсан байна.

Сумын Засаг дарга Б.Дэлгэр:

-  Манай сумын уугуул Б.Мөнхжаргал 800 ширхэг бургас хандивласныг Бургасан тохойд, Б.Хаш-Эрдэнэ 500 ширхэг шар хуайс хандивласныг Соёл спорт амралтын хүрээлэнд тарилаа. Мөн тус сумын уугуул доктор М.Олонбаяр агсны дурсгалд зориулж гэр бүл, үр хүүхдүүдээс нь 21 модны суулгац хандивласныг “Сансар” цэцэрлэгт хүрээлэнд суулгалаа. Сумаа ногооруулах “Нэг өрх нэг мод” аянд нэгдэж нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж, модны суулгац хандивласан иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье гэж ярилаа.

Энэ хаврын мод тарих ажлыг технологийн дагуу зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, агрономич Д.Жамъян, Д.Цэцэгээ, Д.Түдэвдорж арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Холбоотой мэдээ