Авто тээврийн татвар төлөлт 31 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-05-10 18:19:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд бүртгэлтэй 18000 гаруй тээврийн хэрэгсэл байдаг аж. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 31 хувь буюу 5600 гаруй тээврийн хэрэгсэл авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвараа төлжээ.

Энэ нь маш бага гэдгийг аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Батболд онцолж байна.

Учир нь татвар төлөлтийн сүүлийн сарын эхний 10 хоног дуусч байхад 50 хувьд ч хүрээгүй байгаа нь хангалтгүй гэж дүгнэжээ. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын нэгний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө гэж заасан байдаг. Тиймээс албан татвартаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Харин 6 дугаар сарын нэгнээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө. Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж, дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлдэг ажээ.

Цар тахлын улмаас улс орон даяар хатуу хөл хорио тогтоосноос үүдэн татвар төлөлтийн биелэлт хангалтгүй байгаа талаар татварын улсын байцаагч дурдсан ч иргэд цахим хэлбэрээр төлөх боломжтой юм.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг дараах байдлаар төлөх боломжтой ажээ. И-баримт аппликейшн ашиглан төлбөр төлж болно. И-баримт аппликейшны төрийн үйлчилгээ цэсний нэхэмжлэх хэсэгт хандаж төлбөрөө интернэт банкны аппликейшн ашиглаж төлөх боломжтой. Төлсөн төлбөрийн баримтаа И-баримтад бүртгэлтэй и-мэйл хаягаар хүлээн авах, хэвлэн авах боломжтой.

Түүнчлэн Татварын ерөнхий газрын цахим хуудас www.e-tax.mta.mn, https://itax.mta.mn/home болон Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудас Гэрэгэ киоскоор төлж болдог ажээ.

Холбоотой мэдээ