В.Путин ТУХН-ийн орнуудад Ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-05-09 11:38:29

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Азербайжан, Армени, Беларусь, Казахстан, Киргиз, Молдав, Тажикстан, Туркменистан, Узбекистан, Абхаз, Өмнөд Осетийн удирдагчдад болон ард иргэдэд, мөн Гүрж, Украины ард түмэнд Ялалтын баярын мэндчилгээ илгээжээ.


Аугаа Эх орны дайны Ялалтын 76 жилийн ойн мэндчилгээндээ тэрбээр хуучин ЗСБНХУ-ын орнууд дайсантай эр зоригтой тулалдаж, арын албанд амь биеэ үл хайрлан зүтгэсэн эцэг, өвгөдийнхөө гавьяаг онцгой бахархалтайгаар хүндэтгэдэг болохыг онцлон тэмдэглэсэн байна. 


“Өнөөдрийн бидний ёс суртахууны үүрэг бол дайны хатуу ширүүн он жилүүдийн тухай дурсамжийг марталгүй хадгалж, хойч үеийнхэндээ өвлүүлэх юм” гэж ОХУ-ын төрийн тэргүүн цохон тэмдэглэжээ.


Тэрбээр түүхийг гуйвуулах, дайны үр дүнг өөрчлөх, нацистууд болон тэдний гар хөл болсон хүмүүсийн үйлдсэн аймшигт харгислалыг зөвтгөх гэсэн оролдлогыг тууштай эсэргүүцэхийг уриалсан байна.


Ах дүүгийн найрамдалт, харилцан туслалцах уламжлалт найрсаг хамтын ажиллагаа сайн хөршийн харилцааг хөгжүүлэх ганхашгүй бат бөх суурь болдог гэдэгт итгэлтэй байдгаа В.Путин мэндчилгээндээ илэрхийлжээ. 


Мэндчилгээнийхээ төгсгөлд тэрбээр дайнд оролцож явсан бүх ахмад дайчин, арын албыг үүрсэн хүмүүст талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан, урт удаан наслахыг хүсэн ерөөв.


Холбоотой мэдээ