Дүрслэх урлагийн музей: Пагва лам Лодойжанцангийн зээгт наамал
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хосгүй үнэт бүтээлүүдийн нэг Пагва лам Лодойжанцангийн зээгт наамлыг толилуулж байна.
Тус бүтээлийг торго, хоргой, өнгийн утас, алт, мөнгөөр урлажээ.
XIX-XX зууны зааг үеийн зураач, урчууд түүхэн бодит хүний хөрөг
дүрээр олон сайхан зээгт наамал урлаж бүтээжээ. Түүний нэг нь Пагва ламын хөрөг
юм. XX зууны эхэн үед нэр нь үл мэдэгдэх урчуудын бүтээсэн зээгт наамлыг 1913
онд Их хүрээний Сүнгийн аймгийн уран Намсрайн хар зургаар бүтээжээ.
Монгол оронд бурхны шашин 3 үе шаттай дэлгэрсэн гэж үздэг. Дунд
үеийн дэлгэрэлтэд хамгийн их нэр нөлөөтэй байсан хүн бол Пагва лам Лодойжанцан
/1235-1280/ юм. Пагва хэмээх нь
монголоор хутагт гэсэн үг бөгөөд тэрбээр энэ цолоороо олонд алдаршжээ. Хубилай
хаан 1260 онд Их Юань гүрнээ байгуулсны дараа Пагва ламыг залж, улсын багшаар
өргөмжлөв.
Пагва ламын бүтээсэн нэгэн гавьяатай үйлс бол дөрвөлжин үсгийг
зохиосон явдал юм.
Энэ бүтээл нь дундад зууны бурхан шашны сэдвээр урласан зээгт
наамлуудаас сэдэв, агуулгын хувьд нэлээд өөр, орчин үеийн зээгт наамал үүсэхээс
өмнөх, тухайн үеийн зураач урчуудын үзэл санааг төлөөлсөн, завсрын үеийн урлал
юм.