АХБ-ны 100 сая ам.доллароор төсвийн дэмжлэгийн хөтөлбөр хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-04 17:47:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгов.


Төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран КОВИД-19 цар тахлын эсрэг ажиллах, эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт ачаалал, дарамт ирэхээс сэргийлж бусад чухал эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх зорилгоор 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тусгасан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг байгуулсан. Хөтөлбөрийн хүрээнд 156.4 сая ам.долларын хоёр төсөл, төсвийн дэмжлэгийн нэг хөтөлбөр байна. Харин 2021 онд 100 сая ам.долларын эх үүсвэр бүхий төсвийн дэмжлэгийн хөтөлбөр болон 40 сая ам.долларын эх үүсвэр бүхий цар тахлын эсрэг вакцин худалдан авах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.


Мөн цар тахлын үед нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах ажлын хүрээнд хүүхдийн мөнгийг нэмж, 2021 оны 7 дугаар сар хүртэл олгох ажлыг дэмжих зорилгоор 73 сая ам.долларын болон нийгэм хамгааллын хоёр төслийг батлуулахаар төлөвлөжээ. “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг баталснаар Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад 170 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг олгох юм. Зээлийг төлөх хугацаа 25 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх бөгөөд хүү 2 хувь байна.


Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар танилцуулав.


Хууль санаачлагчийн танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Баттөмөр нар Сангийн сайд болон ажлын багаас асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ш.Адьшаа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.


Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтий төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох санал хураахад хуралдаанд оролцсон 16 гишүүний 12 нь буюу 75 хувь нь дэмжиж зөвшилцөв. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

Холбоотой мэдээ