Л.Нарангарав: Сүхбаатар аймаг 2017 оноос үндэсний бичгээ дээдлэгч хамт олныг шалгаруулж ирсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-05-04 19:31:52

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн үндсэн чиглэл, үйл ажиллагааны талаар тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Нарангараваас тодрууллаа.


-Сүхбаатар аймагт Хэлний бодлогын салбар зөвлөл хэдэн онд байгуулагдсан бэ? Энэхүү салбар зөвлөлийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлооч?

-Хэлний бодлогын салбар зөвлөлийг Сүхбаатар аймагт 2021 оны 02 дугаар сарын 24-ний А/86 дугаар захирамжаар байгуулсан. Хэдий энэ жил албан ёсоор байгуулагдсан хэдий ч салбар зөвлөлийн ажлыг өмнө нь аймгийн ЗДТГ холбогдох байгууллагуудтай хамтран хийж хэрэгжүүлж ирсэн. Энэхүү салбар зөвлөлийн гол үүрэг бол Монгол хэлний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гаргах, санаачилга гаргасан иргэдийг урамшуулах, сурталчлах, хийсэн ажлын талаарх мэдээллийг Үндэсний зөвлөлд тайлагнах гол үүрэгтэй. Салбар зөвлөлийн эрх нь салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрхлэх, төлөвлөгөө боловсруулах, байгууллагуудтай хамтран ажиллах, шаардагдах зардлыг аймгийн Засаг даргаас гаргуулахад чиглэдэг.

-Үндэсний бичиг үсгийн баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд танай аймгийн салбар зөвлөлөөс ямар ажил зохион байгуулж байна?

-Манай аймаг 2017 оноос эхлэн Монгол бичгийг дээдлэгч сум, байгууллага, иргэн шалгаруулах уралдааны болзлыг аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан болзлын дагуу жил бүр явуулдаг уламжлалтай. Мөн БСУГ-аас санаачлан 7 дахь жилдээ “Хүмүүн бичиг-Хүн бүрийн бичиг” мэдлэг сорих тэмцээнийг байгууллагын дунд зохион байгуулж хэвшсэн бөгөөд санхүүжилтийг аймгийн Засаг даргын хөтөлбөр хэрэгжүүлэх зардлаас санхүүжүүлдэг.

2021 онд аймгийн Засаг даргын сумын Засаг даргатай байгуулсан гэрээнд Үндэсний бичиг соёлын өдрийг сум бүр санаачилга гарган тэмдэглэн өнгөрүүлэхээр тусгагдсаны дагуу сумдууд идэвх санаачлагатай ажиллаж байна. Жишээ дурдахад Баруун-Урт сумын ЗДТГ, БСУГ, "Титэм-Арт" академи, "Аригун Арт" галерейтэй хамтран “Жаахан шаргын нутаг” монгол бичгийн  онлайн уралдааныг зохион байгуулж байгууллага, хувь хүмүүс оролцож байгаад талархаж байна. Салбар зөвлөл хийх ажлын чиглэл эх хэл, үндэсний бичиг соёлд тулгамдаж байгаа асуудлын талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэг бэлтгэн хүргээд байна.

-Манай аймаг үндэсний бичигт шилжихэд боловсон хүчний хувьд бэлтгэл хэр хангагдаж байгаа вэ?

-2017 оноос аймгийн хувьд төрийн албан хаагчдыг үндэсний бичгээ сурах ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна. Цахим орчинд эх хэлээрээ алдаагүй зөв бичиж хэвшихийн тулд төрийн албан хаагчдаас цахим сорилго авч, анализ дүгнэлт хийсэн. Үүнд 400 гаруй төрийн албан хаагч хамрагдсан. Гэсэн хэдий ч хувь хүний идэвх чармайлт сурах эрмэлзэл их чухал. Монгол хэлний багш нарын хувьд манай аймгийн багш нар их сайн. Залуу багш нар санаачилгатай ажилладагт бидний зүгээс талархалтай байдаг.


-Зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар төрийн алба, ЕБС-ийн түвшинд ямар ахиц гарч байна?

-2017 онд шинээр хэвлэгдэн гарсан “Журамласан толь” бичигт буй эргэлзээтэй үгийг түүвэрлэн авч, “Мини толь бичиг” гарган, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, багш, сурагчдад гарын авлага материал бэлтгэн өгч түгээж сурталчилсан. Төрийн албаны архив албан хэрэг хөтлөлтөд зөв бичих дүрмийн алдаа шалгах программ суулган хэрэглэж байгаа нь төрийн албан хэрэг хөтлөлтөд дүрмийн хувьд алдаатай бичиг гарах эрсдэлгүй болсон. Толь бичиг гарснаар багш, сурагчид эргэлзээ тээнэгэлзээгээ арилгаж нэгдсэн нэг ойлголттой болсон. Мөн зөв бичих дүрмийн гар утасны аппликэйшн гарч ирснээр хүүхдүүд төдийгүй иргэд цахимаар хэрэглэж хэвшиж байна. 

-Сүхбаатар аймгийн хувьд бичгийн соёлын дурсгалаа хэрхэн хадгалж хамгаалж байна. Энэ талаар хүүхдүүдэд соёлын өвийн боловсрол олгодог уу, салбар зөвлөл хэр анхаарч ажиллаж байна?

-Аймгийн хэмжээнд байгаа соёлын дурсгалуудыг ойролцоо нутагладаг нутгийн иргэд, малчидтай гэрээ байгуулан гэрээт хамгаалагчаар ажиллуулж байна. Тэднийг урамшууллыг сумын Засаг дарга болон соёлын төвүүд олгож байна. Мөн аймгийн Угсаатны зүйн музей, сумдын соёлын төвөөр  дамжуулан Музейн боловсрол олон нийтийн хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд сургалт сурталчилгааны ажлыг хийж соёлын өвийн боловсролыг олгодог.

-Эх хэлний өдрөөр аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлүүд үлгэр домог, ерөөл магтаалаа өвлөн уламжлуулах, сэргээн таниулах талаар аян өрнүүлсэн байсан. Энэ аяны зорилго биелсэн үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, “Эх хэлний өдөр”-ийг цахимаар тэмдэглэх, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн шийдвэрийн дагуу Сүхбаатар аймгийн Боловсрол, соёлын байгууллагууд хамтран нутагтаа буй бичгийн соёлын өвийг хүүхэд залуучуудад таниулан сурталчлах, иргэн нийтэд соёлын өвийн боловсрол олгох, угсаатны бүлгүүдийн хэл аялгуу, туульс, үлгэр домог, ерөөл магтаал, түргэн хэллэгийг нийтэд сурталчлах цахим аяныг нэг сарын хугацаатай өрнүүлсэн. Уг аяны хүрээнд 13 сумын Ерөнхий боловсролын 16 сургууль, 24 цэцэрлэг, 12 соёлын төв тус бүр аяныг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг гарган зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 11000 гаруй сурагч, сургуулийн өмнөх насны 7000 хүүхэд, 900 гаруй боловсрол, соёлын байгууллагын ажилтан, 2500 орчим иргэн хамрагдлаа.

Эх хэл бичгийн багш нар бусад мэргэжлийн багш нартай хамтран эх хэлээ дээдлэх, соёлын өвийг хүүхэд залуучуудад таниулан сурталчлах агуулга бүхий 450 цахим хичээл бэлтгэн нийт 40 группт байршуулж, 7500 гаруй сурагч, 3000 гаруй эцэг эх, багш ажилчид, олон нийтэд түгээлээ. Цаг үеийн байдалтай холбоотойгоор сурагчдын болон иргэдийн монгол бичгээр унших чадварыг ахиулах зорилгоор "Ковид-19" цар тахлын талаарх “Санамж” зөвлөгөөг монгол бичгээр бичиж цахимд байршуулах ажлыг сургууль, цэцэрлэг болон дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан.

Сурагчид бичсэн уриалга зөвлөмжөө Эх хэлний багшаараа хянуулж шалгуулсны дараа цахим талбарт түгээх, анги бүлэг дотроо төрөл бүрийн сонирхолтой хэлбэрээр уриалга эхлүүлэх зэргээр цахим орчинд түгээж байсан. Хүүхдүүдийн хувьд үнэхээр идэвхтэй сэтгэлээрээ ханддаг.


-Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлснээр танай аймаг, сумдад монгол бичгийн хаягжилт нэмэгдсэн үү?

-Төрийн байгууллагуудын дийлэнх нь байгууллагын хаягаа монгол бичиг, кирилл бичгээр бичиж хэвшсэн. Одоогоор хувийн аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн үйл ажиллагаанууд хийж байна. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш аймгийн Засаг даргын сумын Засаг даргатай байгуулах бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд жил бүр тусгаж хяналт шинжилгээ үнэлгээ хийдэг. 2021 оноос эхлэн нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хорооллын хашаа гудамжны хаягийг монгол бичгээр бичих ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

-Ер нь сүүлийн жилүүдэд бидний эх хэлдээ хандах хандлага сайжирч байгаа нь харагддаг. Энэ талын судалгааг аймагтаа хийж байв уу?

-Салбар зөвлөлийн зүгээс бол одоогоор хийгээгүй байна. Харин 2021 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд статистикийн байгууллагаас авсан монгол бичгийн мэдлэг сорих тестэд манай аймгийн бүх төрийн албан хаагч хамрагдсан. Сорилын дүн хараахан гараагүй байна. Энэ судалгаанаас бид хэр түвшинд явж байгаагаа харах боломжтой юм.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ