Стефани Бурри: Монгол Улс тун удахгүй тогтвортой хөгжлийн туршлагаа түгээхэд бэлэн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-03 19:25:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” Үндэсний нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр цахимаар эхэллээ. Зөвлөгөөн БШУЯ, БОАЖЯ болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд болж байна. 


Энэ 7 хоног үргэлжлэх тус зөвлөгөөн нь улсын хэмжээнд Тогтвортой хөгжлийн боловсролыг хэрэгжүүлсэн ололт, амжилт, сургамж, туршлагаа хуваалцан бүх түвшний байгууллага хоорондын хамтын санаачилгыг нэгтгэн дүгнэх юм. Мөн оролцогч талуудын түншлэлд тулгуурлан цаашдын хүчин чармайлтыг үр өгөөжтэй болгох хамтын ажиллагааны төлөвлөгөө-зураглал боловсруулах юм.

Зөвлөгөөн дээр зохион байгуулагч Швейцарын Хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри хэлэхдээ, "Дэлхийн хүн ам 7.6 тэрбум хүн хязгаарлагдмал нөөц бүхий эх дэлхий дээр оршин тогтнохын тулд тогтвортойгоор амьдрахын төлөө хувь хүн болон нийтээрээ суралцах шаардлагатай нүүр тулаад байгаа"-г онцоллоо.  


Тэрээр, "Бидний өнөөдрийн хандлага, үйл хэрэг нь үр удам, эх дэлхийн ирээдүйд ул мөр үлдээх тул бүгд энэхүү үйл хэрэгт хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Тогтвортой хөгжлийн боловсролын гол зорилго нь насанд хүрсэн хүмүүс болон хүүхэд залуучуудын хандлага болон үйл хэргийг  тогтвортой хөгжлийн төлөө чиглүүлэхэд оршино" гэдгийг тэмдэглэв. Өнөөгийн байдлаар, бид тогтвортой хөгжилд суурилсан ирээдүйн төлөө үүрэг хариуцлагаа ухамсарлан шаргуу ажиллах шаардлагатай байна. ТХБ-ын хэрэгжүүлэлтээрээ Скандинавын орнууд, Япон зэрэг дэлхийн шилдэг орнууд үлгэр жишээ болон тэргүүлж байна. Монгол Улс ч тун удахгүй ТХБ-ын тэргүүн туршлагаасаа дэлхийд түгээхэд бэлэн болж байгааг би мэднэ гэсэн юм. 




Энэ удаагийн Үндэсний нэгдсэн зөвлөгөөнийг БШУЯ, БОАЖЯ болон Швейцарын хөгжлийн агентлаг, “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн үндэсний түшиц байгууллага-Боловсролын Хүрээлэн, орон нутгийн хэрэгжүүлэгч-Байгаль орчны мэдээлэл сургалтын төв, Техникийн Зөвлөн Зохицуулах Баг (ТЗЗҮБ)-ийн гишүүн байгууллагууд болон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний зөвлөл “ТХБ 2030”-ын тэргүүлэх таван чиглэл болон тэдгээрийг хэрэгжүүлэх арга менежментийн 6 чиглэлийн хүрээнд зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ