Оюу толгойд хийж буй хөндлөнгийн хяналт шалгалтын тухай хэвлэлийн мэдэгдэл

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-04-28 13:17:36

УЛААНБААТАР. /ERDENES OYU TOLGOI/. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон асуудлаар хийж буй хөндлөнгийн хяналт шалгалттай холбогдуулан “Эрдэнэс Оюу толгой” компаниас хийсэн хэвлэлийн мэдэгдлийг танилцуулж байна.


Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Оюу толгой" компани санаачлан "Оюу толгой" компани дахь зөвлөлийн гишүүдээрээ дамжуулан Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судлан дүгнэлт гаргах зорилгоор 2020 оны 11 дүгээр сард хөндлөнгийн шинжээчдийг сонгон томилох Тусгай хороо байгуулах тогтоолын төслийг 2020 оны 11 дүгээр сард өргөн барьсан. Ийнхүү 11 дүгээр сарын 30-ний өдөр "Оюу толгой" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар уг баримт бичгийг баталсан юм. Харин “Rio Tinto” хөндлөнгийн дүгнэлт гаргах саналыг эсэргүүцэж, тус компаниас томилсон зөвлөлийн гишүүд тогтоолыг дэмжихээс татгалзсан. Гэсэн хэдий ч "Оюу толгой" компанийн зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар баталсны дараа “Rio Tinto” хөндлөнгийн дүгнэлт хийхийг бүрэн дэмжиж, хамтран ажиллана гэдгээ Монголын Засгийн газарт батлан мэдэгдсэн юм.


Монголын Засгийн газар, “Turquoise Hill Resources” компани тус бүрийн дэвшүүлсэн дөрвөн гишүүний бүрэлдэхүүн бүхий тусгай хороо байгуулагдсан даруйдаа ажил хэргээ эхлүүлж, хөндлөнгийн дүгнэлттэй холбоотой гүйцэтгэх ажлуудыг баталжээ. Мөн тусгай хорооны гишүүд хөндлөнгийн дүгнэлт хийх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчдийг сонгон томилохын төлөө хичээнгүйлэн ажиллажээ. Тусгай хорооны гишүүдийн хүчин чармайлтын дүнд төслийн менежмент, уурхайн төлөвлөлт, зардлын менежмент гэх мэт холбогдох салбаруудаар дагнан мэргэшсэн өндөр ур чадвартай зөвлөхүүдээс бүрдсэн Хөндлөнгийн зөвлөх бүлгийг томилж, Оюу толгой төслийн бүтээн байгуулалт хойшилсон, зардал хэтэрсэн асуудлыг шалгах ажлыг хэдэн долоо хоногийн өмнөөс эхлүүлжээ. Эдгээр шалгалтаар төсөл урьдчилан төлөвлөснөөс хойшилсон, бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад шаардлагатай зардал өссөн шалтгааныг судалж байна. Одоогийн байдлаар Хөндлөнгийн зөвлөх бүлэг тусгай хорооноос өгсөн техникийн мэдээлэлд дүгнэлт хийж байна.


Гэвч Хөндлөнгийн зөвлөх бүлэг Тусгай хороогоор дамжуулан “Rio Tinto”-гийн техникийн шинжээчийн тайлан, төслийн менежментийн бичиг баримтуудтай холбоотой хэд хэдэн голлох бичиг баримттай танилцах хүсэлт гаргаад байгаа ба эдгээрийг “Rio Tinto” одоогоор танилцуулаагүй байна.


Энэхүү хянан шалгах ажиллагааг далд уурхайн төслийн бүтээн байгуулалтын талаарх бүрэн дүүрэн, ил тод дүгнэлтийг гаргах, алдаа дутагдлыг илрүүлэх, цаашлаад сургамж авах зорилгоор эхлүүлсэн билээ. Харин “Rio Tinto” Хөндлөнгийн зөвлөх бүлгийн танилцахыг хүссэн мэдээлэл, тайланг өгөхөөс татгалзаж буй нь шинжээчдийн хүчин чармайлтад саад учруулж, эцсийн дүгнэлт гаргахад хүндрэл үүсгэж байна. "Эрдэнэс Оюу толгой" компанийн хувьд корпорацийн сайн засаглал болон холбогдох жишгүүдтэй холбоотой олон улсын стандартад нийцсэн ил тод дүгнэлт гаргахыг эрэлхийлж буй Тусгай хорооны ажлыг бүрэн дэмжиж байна.


Иймээс бид шалгалтын ажлыг явуулахад нягт хамтран ажиллаж, шаардлагатай мэдээллүүдийг дахин хойшлуулахгүйгээр танилцуулж, техникийн холбогдох мэргэжилтнээ Хөндлөнгийн зөвлөх бүлэгтэй ярилцлага хийх боломжийг бүрдүүлэхийг “Rio Tinto”, Turquoise Hill Resources” компанийн аль алинд уриалж байна. “Rio Tinto”, Turquoise Hill Resources” энэхүү ажиллагааг үргэлжлүүлэн тасалдуулж, хамтран ажиллахгүй хэвээр байвал "Эрдэнэс Оюу толгой" компани нь "Оюу толгой" компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд шаардлагатай мэдээллийг хууль ёсны сувгаар авах бүрэн эрхтэй бөгөөд “Rio Tinto” компанийг төслийг хариуцагчийн хувьд Оюу толгойн хувьцаа эзэмшигчдийг шаардлагатай мэдээллээр хангах үүргээ зөрчиж байна гэж үзэж байна. 


"Эрдэнэс Оюу толгой" компани болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын тухай

"Эрдэнэс Оюу толгой" нь "Оюу толгой" компанийн 34 хувийг эзэмшдэг төрийн өмчит компани юм. "Оюу толгой" компани нь Монголын Өмнөговь аймагт оршдог Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна. "Оюу толгой" компанийн хувьцааны үлдсэн 66 хувийг Торонто, Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компани эзэмшдэг. “Rio Tinto” компанийн хувьд Оюу толгой төслийн уурхайн хариуцагч, төслийн менежерээр томилогдсон бөгөөд 2016 онд далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлснээс хойш өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа юм.


2020 оны 12 дугаар сарын 16-нд “Rio Tinto” Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдэж, олборлолт эхлэх хугацаа нь эхний төлөвлөгөөнд зааснаас /2021 оны нэгдүгээр сар/ 22 сараар хойшлох төвөвтэй байгааг мэдэгдсэн. Хэдийгээр “Rio Tinto”, Turquoise Hill Resources” нь зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсныг газрын хүнд нөхцөлтэй холбоотой хэмээн тайлбарласан боловч төслийн алдаатай менежмент, нийлүүлэлттэй холбоотой асуудлуудын улмаас хойшилсон байж болзошгүй гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар “Turquoise Hill Resources” компанийн цөөнх хувьцаа эзэмшигчид Нью-Йорк хотын шүүхэд “Rio Tinto”, Turquoise Hill Resources” компанийн эсрэг 2021 оны гуравдугаар сард гаргасан нэхэмжлэлдээ тусгасан юм.


"Эрдэнэс Оюу толгой" компани

Холбоотой мэдээ