Минж үржүүлэх төвд 4 ихэр дүдэр гарчээ

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-04-27 10:15:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газрын “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-д анх удаа буюу энэ сарын 14-нд 1 бодгаль минжнээс 4 ихэр төл хүлээн аваад байна. Дүдрүүд хэвийн бойжиж байна. 


Өнөөдрийн байдлаар тус төвд 44 бодгаль минж бойжиж, шинэ төл хүлээн авах ажил үргэлжилж байна. 4 ихэр дүдэр гарсан нь ховор тохиолдол бөгөөд идэш тэжээл амьдрах орчин нөхцөл тааламжтай байгаагийн үр дүн гэж үзэж байна. Минж нутагшуулах төвийнхөн 2014 онд зургаа, 2015 онд долоо, 2016 онд 13 төл авч, нийт 45 төлтэй болж байв. 

Төв Азийн минжийг үржүүлэх, Туул голд нутагшуулах ажил 2012 оноос эхлэн 9 дэх жилдээ хэрэгжиж, Туул голын эх болон Заан, Тэрэлж голуудад нийтдээ 57 бодгаль минжийг нутагшуулж байна. Дээрх ажил нь Туул голын экосистемийн доройтлыг багасгаж, голын сав газрын экологийн нөхцөлийг байгалийн аясаар сэргээх цогцолбор арга хэмжээний нэг гол нь болж байна.


“Усны инженер” хэмээн нэрлэгддэг минж нь голын усны түвшинг нэмэгдүүлэх замаар амьдарч буй орчныхоо байгалийн тэнцвэрт байдлыг хангадаг байна. Тодруулбал голын экосистем, түүний ойр орчмын хуурай газрыг холбосон завсрын шинжтэй амьдрах орчныг шинээр бий болгож, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой аж. 

Цаашид Туул голын эх болон түүний цутгал голуудад минж нутагшуулж, байгаль дээр 100-150 бүл минж нутагшсан тохиолдолд байгалийн болон хүний сөрөг нөлөөлөлд бага өртөх, улмаар байгалийн аясаар өсөж үржих нөхцөл бүрдэх тул Нийслэлийн Байгаль орчны газраас минж үржүүлэх, нутагшуулах ажилд онцгойлон анхаарч, олон талт арга хэмжээг зохион байгуулж байна. 


Манай улс Туул голд минж нутагшуулах зорилгоор ХБНГУ, ОХУ-аас  47 толгойг 2012 онд авчирч 16 бодгалийг Заан Тэрэлжид тавьж 31-ийг нь Минж нутагшуулах төвд тэжээжээ. “Тогтвортой хөгжлийн төлөөх нутгийн зөвлөл”-ийн “Барилгын хэмнэлтийн хурдасгуур” төслөөс 8000 ам.доллар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Барилгын эрчим хүчний үр ашиг” төслөөс 25 сая гаруй төгрөгийн санхүүжилтээр Гачууртын аманд байрлах Минж нутагшуулах төвийн экологийн сургалтын байрыг дулаалсан юм. 


Холбоотой мэдээ