Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-25 22:49:59

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах Засаг даргын захирамж гарчээ.

Захиражид:

1. Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг “Улаан түвшин”-д шилжсэн хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цагаас 5 дугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгав.


2. 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 06.00 цагаас 5 дугаар сарын 3-ны өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүр, худалдааны төв, эмийн сан, банк, шатахуун түгээх станц, иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоов.


3. Хязгаарлалт тогтоосон 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 06.00 цагаас 5 дугаар сарын 3-ны өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, эрүүл мэнд, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, эрчим хүч, дулаан, хот тохижилт, ус, хүнс, эмээр хангах байгууллагуудын хариу арга хэмжээнд оролцох, дэмжлэг үзүүлэх, жижүүрлэлтийн бүрэлдэхүүнээс бусад ажилтан албан хаагчдыг хөдөлгөөнд оролцуулахгүй цахимаар ажиллах болон үйл ажиллагааг түр зогсоов. 


4. Аймаг сум, хот хооронд зорчих хөдөлгөөнд эмнэлгийн зайлшгүй тусламж, оршуулгын ажилд оролцох, газар тариалан, хүнс, түлээ түлш, өвс, тэжээл, ачаа тээврийн хөдөлгөөнийг тусгай шаардлагаар “ПГУ” шинжилгээг үндэслэн Онцгой комиссын шуурхай штабын зөвшөөрлийн бичгээр шалган нэвтрүүлэх постоор нэвтрүүлэхийг зөвшөөрөв. 


5. Энэ захирамжийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд аймаг, сумдын төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, айл өрхүүдэд дотоод орчны, мөн байгууллагын гадна талбай, нийтийн эзэмшлийн талбай, орон сууц, гадаад орчны  эцсийн халдваргүйжүүлэлт хийхийг үүрэг болгов.


6. Эрдэнэбулган сумын иргэдэд хүнс, эм, түлш, усны түгээлтийг иргэдийн захиалгын дагуу хүргэлтээр зохион байгуулж ажиллахыг Эрдэнэбулган сумын Засаг дарга Д.Мөнхбатад үүрэг болгов. 


7. Коронавирусний эсрэг дархлаажуулалтын хоёрдугаар ээлжийн 10,000 хүн тун вакцинаас эхний ээлжинд голомтод ажиллаж буй бие бүрэлдэхүүнд хийсэн 4,000 хүний давтан тунг, үлдсэн 6,000 тунг архаг суурь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, газар тариалан, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, банк, нотариатын ажилтнуудыг эхний тунд хамруулахаар төлөвлөж зохион байгуулахыг Эрүүл мэндийн газрын даргад даалгав.

Холбоотой мэдээ