Дэлхий даяар нэг тэрбум гаруй тун вакциныг тарьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-25 09:49:24

ЛОНДОН. /Bloomberg/. Их Британи 12 дугаар сарын 2-нд коронавирусний вакцинд анх удаа хэрэглэх зөвшөөрөл олгож, өргөн хүрээнд хэрэглэх болсноос хойш 143 өдрийн дараа дэлхий даяар коронавирусий нэг тэрбум гаруй тун вакциныг тарьжээ.


Тодруулбал, вакцинжуулалтын кампанит ажлыг эхлүүлсэн 207 улс орон, нутаг дэвсгэрт нийт 1 002 938 540 тун вакциныг тарьсан байна. 


Дэлхийн хүн амын 96 хувь нь коронавирусний вакцинжуулалтын аян идэвхтэй явагдаж буй улс орнуудад амьдарч байна. Тийнхүү нийгмийн эрүүл мэндийн салбарт урьд өмнө нь байгаагүй өргөн хүрээг хамарсан ажлын эхний үе шат өндөрлөж байна. 


Өдөрт 18.5 сая орчим тун вакциныг тарьж буй хэдий ч дараагийн даваа амаргүй байх юм. Учир нь яг энэ эрчээрээ үргэлжилбэл дэлхийн хүн амын 75 хувийг вакцинжуулахад 19 сарын хугацаа шаардагдана гэж "Bloomberg" агентлаг мэдээлэв.


Дэлхий дахинд цар тахал дэгдэж эхэлснээс хойш халдвар авсан хүний тоо 145 сая давж, 3.1 сая хүн нас баржээ.


Холбоотой мэдээ