БОРОО БОРОО ОРООРОЙ

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2021-04-24 17:18:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


“Бороо бороо ороорой, оросын маамуу ирээрэй”... Бороо орохгүй удахлаар ингэж дуулдаг байлаа. Бороо шивэрч эхлэнгүүт ч ийн дуулдаг байлаа. Аав минь хот орохдоо авчирч өгсөн жижигхэн монгол гутлаа норгон, улыг нь ханзартал ус туучин гүйж, ээждээ зэмлүүлэн бороон дундуур шалба норчихоод гүйж явахдаа ч ингэж л дуулдаг байлаа. Хөдөөний жаахан бор хүүгийн мэддэг байсан борооны тухай ганц дуу нь энэ.


Манайх Хэнтий аймгийн Батноров сумаар нутагтай. Гурван Баяны хоолой гэж үлгэрийн юм шиг л тогтоцтой сайхан хөндий бий. Тэр л хөндийд гэрээ тойрон гүйж, бороо орохыг хүлээн дээрх дууг хоолойгоо сөөтөл чангаар хашхиран дуулдаг байж билээ. Тэгэх бүрийд минь л бороо орно. Хөөр баяртай нь аргагүй шалбааг туучин, норсон өвсийг  ээтэн гутлынхаа хоншоороор өшгичин гүйж явахдаа ээжийнхээ захиасыг мартчихна. “Ус битгий туучаарай, борооноор битгий гар, аянга цохино, гутал нь нороод амархан ханзарчихдаг юм” гэж  анхааруулсан үгс цээжин дотроос аль хэдийн нисээд явчихсан байдагсан.


Гэлээ ч намайг дууллаа гээд бороо ороогүй нь үнэн. Угаас багад минь Гурван Баяны хоолойд өдөр болгон л бороо ордог байв. Харин бороо орохын өмнөхөн дуулчихдаг байснаа бодохоор их л хачирхалтай санагддаг. Гадаа бороо орж байхад хаалгаа онгойлгоод алган дээрээ мөнгөлөг дуслуудыг нь тосон зогсох дуртайсан. Ээж минь мөн л “Борооны ус тосдоггүй юм” гэх. Дотроо жаахан уурлачихсан нойтон гараа сэгсрэн эргэхдээ “Өөрсдөө түмпэн тавиад л, халуун өдөр болбол хашаанд байгаа ядруу хэдэн хургандаа уулгана гэдэг л биз дээ. Борооны ус тосч байгаагаас ялгаа юу байдаг юм” гэж өөртөө ширүүхэн хэлчихээд ор луугаа зүглэнэ. Ээж борооны ус тосч болдоггүй гэх боловч “Яагаад” гэсэн асуултанд минь “Болохгүй болоод л тэр” гэсэн товчхон хариулт өгнө.


Нэгэн зун айхтар мөндөр буусан юм. Мөндөр ч биш л дээ дан мөс байсан. Том том мөснүүд гэр бөмбөрдөж, ширүүн салхинд дэрвэлзэх өрхтэйгөө ноцолдох аав, ээж, ах гурвыгаа харан унинаасаа байдгаараа дүүжлэгдэн зогсож байсан үе саяхан мэт. Уг нь нохой гаслам халуун өдөр байлаа. Оройхон хэдэн ямаагаа ялгаж хашчихаад хаашаан дээрээ “Бороо ордоггүй юм байх даа, ган болох нь ээ” гээд л борви нь тэнийгээгүй насандаа ахадсан, бодолтой хүний хэрсүү үгийг хотныхоо амыг хүлж буй ахдаа хэлэн сууж байтал хойд зүгээс түнэрлэсэн хар үүлс наашилж, усны шаагих чимээ дуулдлаа. “Нааш ир, нааш ир” хэмээн дуудаж гараараа даллатал ах “БолохгүйБороо, цас алиныг нь ч нааш ир гэж дууддаггүй юм!” гэж анхааруулав. “Угаасаа орохгүй байгаа юм чинь” гээд л тас зөрүүдлэчихэв. Тэгтэл ч бороо дусалж эхэллээ. Наадамд түрүүлээд ирсэн юм шиг л баяр хөөр дотор минь асав. Харин хэдхэн хормын дараа өнөөх их баяр хөөр айдас болж хувирсан юм. Том том мөсөн ширхгүүд гэрийн бүрээс цоо бөмбөрдөж, хүчтэй салхинд гэр минь нисэн бууж байх шиг...



Хориод минут үргэлжилсэн аймшигт үзэгдэл арилж зөөлөн шиврэх бороон дуу сонсоод амьсгал авав. Хаалга онгойлготол нэл ус урсан орж ирлээ. Гараад хартал усны цагаан канестр тэртээ урд усан дээр хөвж явна. Гурван Баяны уужим дэлгэр хөндий шүү дээ. Борооны ус дөрвөн зүг найман зовхист урсан хуурай газрын хээлэнд Д.Пүрэвдорж гуайн шүлэглэсэн шиг... Нар мэт шингэмээрсэн. Гэтэл цагаан сав өвсний толгой дээгүүр хөвж явдаг байна шүү.


Хаашаагаа зад татчихсан хонио бэдрэн гүйж явахдаа хөл доор минь шаржигнах мөсний чимээ, борооны үнэр, хүйтэн салхин гурвыг би одоо хүртэл санадаг, бас тэсгэлгүй их үгүйлдэг.


Яагаад ч юм бороотой холбогдсон, болдоггүй насны дурсамжаа санахаар ээж рүүгээ утас цохимоор болдог юм. Тэгээд л усны тунгалаг, өвсний соргог нь өнөө ч янзаараа миний нутагт бороо орсон тухай ярихыг нь сонсоно. Ээж минь галаа түлж орхичихоод хоттой хонио гарган, морио барьчихаад ирсэн гэнэ. Бороо урьд шөнөжингөө зүсэрч байгаад  үүрээр зогссон юм даг уу даа. Хүү нь ч үүрээр утас цохижээ. Цайгаа самарч суухдаа “Хүүгийн минь шалгалт шүүлэг юу болж буй бол доо” хэмээн бодож суутал нь би залгажээ. Ижий хүн ийм л зөнтэй байдаг. Одоо ч дурсан суухад дөнгөж ороод арилсан борооны үнэр шиг ойрхон байнам.


Үүлс дээшээ дээвэр тулсан сэтгэл зүрхний минь нийслэл их хотод ч бороо гэнэтхэн л цутгадагсан. Хүмүүсийн хүсэн хүлээж байсан бороо. Шаагих чимээ сонсонгуутаа шуудхан л гараад гүйчихмээр болно.  Ер нь л хүүхэд зан минь намайг хэзээ ч орхихгүй нь бололтой гэж бодогдоно.


Шөнийн гүн хөх тэнгэрээс үй түмэн болор дуслууд унана. Д.Нямсүрэн найрагчийн мөрөөдөл шиг... Дотор нь ороод суучихмаар мөнгөлөг дуслууд арьсанд минь нэвчинэ...


Чийгний үнэрийг юутай ч зүйрлэмгүй. Борооны дараах гудам, цастай өглөөний модод, навчис хөглөрсөн хүүхдийн тоглоомын талбай, сундлан цагаан үүлс нүүсэн талын амирлангуйг юутай ч зүйрлэлтэй билээ.


Их хотод бороо орж байна. Эргэн тойрны хүмүүсийг үл хайхран “Бороо бороо ороорой, оросын маамуу ирээрэй” гээд л чангаар хашхиран гүймээр санагдана. Өдгөө хотын жаахан хүүхдүүд дунд энэ дууг мэддэг жаалууд цөөхөн биз ээ. Харин балчир хүүхдүүд томчуулын хийж буй зүйлсийг даган дуурайдаг, дорхноо сурчихдаг. Тиймээс л би хотын байр болгоны дундуур ийн дуулаад гүймээр санагдана. Тэд сурч аваг. Борооны тухай ийм сайхан дуу байдгийг мэдэг.


Дээшээ хараад зогсоод л баймаар... Хэлээ гаргаж амталмаар... Дахин дахин дуулмаар... Нойрмоглосоор хоймрынхоо ширдэгэн дээр давсанд явах үед аав  хувцсыг минь тайлан ор луу өргөж аваачихыг, ээж минь шалба норчихсон гутлын минь улыг пийшин рүү харуулан хатаахаар тавьж буй дүр зургийг дахиад ганц ч удаа болтугай зууханд цоролзох галын гэрэлд хармаар санагдана.


Өглөө босоход аав хатсан гутлыг минь гялалзтал тослоод орны хөлд тавьчихсан байдагсан. Бороо орсны маргааш өглөө ийм л дулаахан дүр зураг сэтгэлдээ өлгөчихөөд их хотын хүмүүс ажилдаа яаран яаран ус туучин алхдаг болов уу, яг над шиг....

 

Холбоотой мэдээ