Хатуу хөл хориог 14 хоног сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-04-24 00:01:07

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комисс өнөөдөр хоёр удаа хуралдлаа. 13:00 цагт өнгөрсөн 24 цагт авч хэрэгжүүлсэн ажил, халдварын мэдээлэл өгсөн бол орой 21:00 цагт хөл хорио сунгах эсэх талаар мэдээлэл өглөө.

Өчигдөр 441 сорьцод шинжилгээ хийхэд 23 эерэг тохиолдол илэрч, 3 дугаар сарын 21-нээс хойш нийт батлагдсан тохиолдол 403 боллоо. Сүүлийн тохиолдлын долоо нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, найм нь Орхон сумаас, долоо нь тандалт судалгаанаас, нэг нь эрүүл мэндийн салбарын ажилтнаас илэрсэн аж. Нийт 41 кластер өвчлөлөөс арван тавынх нь эх үүсвэр тодорхой, 26 эх үүсвэр тодорхой бус байна. Эмчлэн тусгаарлах 4 байранд 201 хүн эмчлүүлж байгаагаас хүнд нэг, хүдэвтэр найман хүн байгаа ажээ. Хэвтэн эмчлүүлэгсдээс 38 хүүхэд, жирэмсэн  дөрвөн эмэгтэй байна.

Харин оройн 21:00 цагт өгсөн мэдээллээр хатуу хөл хориог дахин 14 хоног сунгаж, улсын онцгой комиссын шийдвэрийг дагахаар боллоо. Ингэхдээ эхний долоо хоногт иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах бол дараагийн долоо хоногоос чиглэл чиглэлээр нь сулруулах аж.

Хөл хорио тогтоох саналыг аймгийн ЭМГ-аас гаргаж онцгой комиссын гишүүдийн 95 хувийн саналаар дэмжиж үргэлжлүүлэхээр болсон байна. Дархан сумын хэмжээнд тогтоосон хатуу хөл хорионы зургаа хоногийн хугацаанд 6100 орчим иргэнээс түргэвчилсэн оношлуурын шинжилгээ, 2100 гаруй иргэнд PCR шинжилгээ хийж коронавирусний халдвар авсан 169 тохиолдлыг илрүүллээ. Энэ нь дунджаар нэг хоногт 28 тохиолдлыг илрүүлсэн үзүүлэлт гэж ЭМГ-аас мэдээлэв.

Хөл хорио тогтоосноор эдгээр батлагдсан тохиолдлуудаас нэг хүний ард ойрын хавьтлууд 10 байх байсныг 5-6 болгож бууруулсан. Гэвч нөхцөл байдал хүнд хэвээр байна. Дархан-Уул халдварын тохиолдлоор хамгийн өндөр аймгийн тоонд багтаж байна. Нэг өдөрт 20-28 тохиолдол бүртгэгдэж байгаа нь улсын дунджаас өндөрт тооцогдож байгаа аж. Иймд хөл хориог сунгах асуудлыг аймгийн Онцгой комиссын 47 дугаар хуралдаанаар шийдвэрлэж энэ сарын 24-нөөс 5 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэхээр болжээ.

Өнөөдөр ажиллаж буй зөвшөөрөгдсөн 5 чиглэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, нийгмийн өмнө тулгамдсан зарим чиглэлийн үйл ажиллагааг хэсэгчлэн хаалттай горимоор ажиллуулна. /эрсдлийн үнэлгээгээр бага/ Үүнд Шуудан холбооны үйлчилгээг энэ сарын 24-ний өдрөөс, Банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг 30 хүртэлх хувиар зөвхөн дотооддоо ажиллах зарчмаар энэ сарын 26-ны өдрөөс тус тус ажиллуулахаар боллоо. Түүнчлэн хүнс тээвэр, газар тариалан, барилга угсралт, өвс тэжээл тээвэрлэх үйл ажиллагаа хэвийн явагдана. Хатуу хөл хорионы хоёр дахь долоо хоногоос мужаан цех, оёдлын цех, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг вакуумжсан орчинд иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй үйл ажиллагаа явуулах боломжтой газруудыг ажиллуулах журмыг боловсруулахаар болсон ажээ.

Харин энэ хугацаанд авто тээврийн хөдөлгөөний хязгаарлалт үргэлжилнэ, нэмж зөвшөөрөл олгогдохгүй, иргэд дугуйгаар болон явган зорчихгүй, бага насны хүүхдүүдийг гэрээс гаргахгүйМиний Монгол цэцэрлэгт хүрээлэн, Дархан-50 зэрэг газраар алхалт хийхгүй байхыг анхаарууллаа. Мөн маргаашаас коронавируснийэсрэг вакцины эхний тунд хамрагдсан 21800 гаруй иргэнийг 2 дахь тунд хамруулах ажлыг зохион байгуулна.

 

 

Холбоотой мэдээ