Хөрсний бохирдол иргэдийн эрүүл мэндэд 2 хувь сөргөөр нөлөөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-04-21 14:30:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрсний бохирдол агаарын бохирдлоос дутахгүй хүн амд, ялангуяа суурин газрын иргэдэд илүү сөрөг нөлөөлж байгааг Нийгмийн эрүүл мэндийн төвөөс мэдээлж байна. Тиймээс ч энэ хоёрыг салгаж болохгүй, агаар, орчны буюу хөрсний бохирдол гэж авч үзэх  учиртайг байгаль орчны салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд үздэг. 

Хөрсний бохирдлын талаар мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар хөрсний нянгын бохирдол нийслэл хотын дүүргүүдэд жил ирэх тусам нэмэгдэж байна. Жишээ нь, Улаанбаатар хотын хөрснөөс авсан нийт дээжний 1 хувь нь нянгын бохирдолгүй, 88 хувь нь бохирдолтой гарч байв. Үүнээс 53 хувь нь бага зэргийн, 24 хувь нь дунд зэргийн, 11 хувь нь их зэрэглэлийн нянгын бохирдолтой байжээ. Ялангуяа нийслэлд гэр хороолол, томоохон худалдааны төв, захууд, хур хогын цэг орчмын хөрсөнд нянгын бохирдол их байна. 

Нийслэлийн 9 дүүрэгт гэдэсний халдвараар өвчилсөн 1200 иргэнийг нянгын халдвартай ямар хамаарал холбоотойг судалж үзэхэд ихэвчлэн 0-4 хүртлэх насны хүүхдүүд гэдэсний халдварт өвчнөөр өвчилж байна. Үүнд хөрсний бохирдол хоёр хувиар нөлөөлж байна гэсэн дүн гарчээ. 


Гэдэсний бүлгийн бичил биетэн ямар байгааг шинжилж үзэхэд нийт авсан дээжний 65.2 хувьд нь E.coli, 27.3 хувьд нь proteus, 12.2 хувьд нь citrobacter, 7.6 хувьд нь enterococcus, 3 хувьд нь Pseudomonas илэрсэн. Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч salmonella 9.1 хувьд, хөгц мөөгөнцөр нийт дээжний 4-.4 хувьд илэрсэн. Ер нь судалгааны дүн гэр хорооллын хөрсний ариун цэврийн түвшин муу, иргэдийн дунд гэдэсний халдварт өвчин гарах эрсдэл өндөр байгааг харуулж байна. Бохирдлын эх үүсвэр нь нүхэн жорлон, ил бие засах, жорлонгийн бохир ус халих зэрэг явдал болж байна. 



Холбоотой мэдээ