Он гарсаар 230 хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-21 12:49:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2021 оны эхний улирлын байдлаар Дундговь аймагт 228 эх амаржиж, 230 хүүхэд төржээ. Төрөлтийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс наймаар нэмэгдсэн байна.

Өнгөрсөн оны эхний улирлын байдлаар тус аймгийн хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл гараагүй байсан бол энэ жил хоёр эндэгдэл гарчээ.

Аймгийн хэмжээнд нас баралтын 59 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хорт хавдрын нас баралт 32.2 хувийг эзэлж байгаа юм. Хорт хавдрын нас баралт өнгөрсөн оны эхний гурван сард 13 тохиолдол гарч байсан бол энэ оны эхний гурван сард 19 болж өссөн үзүүлэлттэй байна.

Харин хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс буурчээ. Тухайн сарын байдлаар шинээр 2393 хүн хэвтэж, 2260 эмчлүүлэгч эмнэлгээс гарсан.

2021 оны 3 сарын байдлаар 36288 амбулаторийн үзлэг бүртгэгдсэнээс урьдчилан сэргийлэх үзлэг 20.5 хувь, өвчний учир амбулаторийн үзлэг 49.9 хувь, идэвхтэй хяналт 17.0 хувь, гэрийн идэвхтэй үзлэг 11.4 хувь, гэрийн дуудлагын үзлэг 1.2 хувийг эзэлж байгаа аж.

Нийт үзлэгт хамрагдсан хүмүүсийн 32.2 хувь нь эрэгтэй, 67.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Халдварт өвчний 51 тохиолдол бүртгэгдээд байгаа нь урьд оны мөн үеийнхтэй харьцуулахад 35 тохиолдлоор буюу 7.6 хувиар буурчээ.

Холбоотой мэдээ