АБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр Азийн аваргын медалийг гардуулав

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-04-16 16:43:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ази тивийн аварга болж, Монгол Улсын төрийн далбааг Алматы хотын тэнгэрт өнөөдөр мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн М.Дөлгөөнд Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын иргэн Пэлжээгийн Буяндэлгэр алтан медалийг нь гардуулав.


“Алматы-2021” Ази тивийн АШТ-ий хоёр дахь өдрийн барилдаан эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг жингийн тойргийн барилдаанаар үргэлжилж байна.


Манай бөхчүүдийн салхийг хагалж ОУХМ Ганбаатарын Отгонжаргал “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, 2018 оны Жакартагийн Азийн наадмын аварга Энэтхэгийн Винеш Фогаттай хүч үзэж 0:11-ээр ялагдав. Манай бөх дараагийн тойрогтоо Тайваний Мэн Суан Ситэй барилдана.


Залуучуудын дэлхийн аварга, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ А.Батцэцэг 57 кг-д эхний тойргийн барилдаандаа Киргизийн бөх Назира Марсбек Кызыг 7:0-ээр яллаа. Хоёрдугаар тойрогт Узбекистаны Севара Эшмуратоватай хүч үзэж минутын дотор оноогоор цэвэр яллаа. Тэрбээр хэсгийн аваргын төлөө 2020 оны Дэлхийн цомын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн бөх Ансутай барилдана.


Харин 65 кг-д Азийн АШТ-ий гурван хүрэл медальт ОУХМ З.Болортунгалаг эхний тойргийн барилдаанд Узбекистаны Ариухан Жумабаеваг 12:0-ээр цэвэр ялав. Дараагийн өрсөлдөгч БНСУ-ын Ли Хан Битийг цэвэр ялснаар хагас шигшээд Тайваний Пай Син Пинтэй хүч үзнэ.


Харин 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал хоёрдугаар тойрогтоо Тайваний бөхөд оноогоор цэвэр ялагдсанаар хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнээ дуусгав.


Мөн 62 кг-д 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга ОУХМ Х.Болортуяа Шри Ланкын Веерабаху Мудиансела, Узбекистаны Рушана Абдирасулова нарыг тус бүр цэвэр ялснаар хэсгийн аварга болж хагас шигшээд шалгарав. Харин 57 кг-д ОУХМ А.Батцэцэг Энэтхэгийн Аншуд торгуулиар цэвэр ялагдсанаар хэсгээсээ хоёрдугаар байраар гарлаа.


Эмэгтэйчүүдийн 72 кг-д 4 бөх тойргоор барилдаж байгаа. ОУХМ Э.Цэвэгмэд эхний тойрогт Энэтхэгийн Дивья Какранд цэвэр ялагдсан. Харин 2 дугаар тойргийн барилдаанд БНСУ-ын Пак Су Жинийг 6:0-ээр ялснаар хүрэл медалийн болзол хангав. Манай бөх орой 20:00 цагт медалийн өнгөө хувиргах шийдвэрлэх барилдааныг 2020 оны Азийн аварга, эзэн орны Жамила Бакбергеноватай хийнэ.

Холбоотой мэдээ