Математик, англи хэлний сургалтад түлхүү анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-12 11:43:50

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-аас баталсан “Шинэ ирээдүй” хөтөлбөрт математик, англи хэлний сургалтад түлхүү анхаарахаар тусгажээ.

Математикийн сургалтыг сайжруулснаар бусад хичээлийн сургалтын чанарт ахиц гарах, тэр дундаа байгалийн ухааны хичээлүүдэд шууд хамаарах бүрэн үндэстэй бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр оюутан элсүүлэх мэргэжлийн 10 бүлгээс математик суурьтай болон дагалдан есөн бүлэгт элсэлт авдаг нь математикийн сургалтыг онцгойлон үзэх шаардлага байгааг харуулж байна. Мөн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад хөл нийлүүлэх, даяаршлын эрин зуунд өрсөлдөх чадвар бүхий иргэний нэг байхад нөлөөлөх хамгийн том хөшүүрэг болсон англи хэлийг эзэмших хүүхэд, залуучуудын англи хэлний чадварыг хөгжүүлэх, дэмжих дорвитой ахиц гарахгүй байна. Шинжлэх ухааны хөгжих суурь математик, дэлхийд өрсөлдөх чадвартай иргэн англи хэлтэй байх ирээдүйг харж эдгээр хичээлийн сургалтыг сайжруулах бодлого гаргасан гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтнүүд үзэж байна.

       Тус аймгийн ерөнхий боловсрол эзэмшигчдийн хувьд 2006 оноос зохион байгуулж буй элсэлтийн ерөнхий шалгалтын 10 хичээлийн хэмжээст оноогоор хими, биологи, газарзүй, түүх, орос хэлний хичээлийн үнэлгээ улсын дундаж түвшинд байгаа бол англи хэл, математик, физик, нийгмийн ухааны гэсэн хичээлүүдийн үнэлгээ улсын дундаж түвшнээс доогуур, 21 аймгаас сүүлийн байрт орж байна. Тухайлбал жилд дунджаар 500-800 суралцагч 12 дугаар анги төгсөж элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаагаас 80-90 хувь нь математик, англи хэлний хичээлийг сонгон шалгалт өгчээ. Шалгалтын дүнгээр сүүлийн зургаан жил 21 аймгаас математикийн хичээлээр хоёр удаа 21, хоёр удаа 20, англи хэлний хичээлээр дөрвөн удаа 21-р байрт орсон аж. Тиймээс математик, англи хэлний хичээлийн үнэлгээ аймгийн нийт ерөнхий үнэлгээнд хамгийн их нөлөө үзүүлж байна гэж боловсролын салбарынхан дүгнэж байгаа юм.

“Шинэ ирээдүй” хөтөлбөрт 2021-2024 онд элсэлтийн ерөнхий шалгалтын математик, англи хэлний хичээлийн хэмжээст онооны аймгийн дунджийг 36-58-аар ахиулан 510-т хүргэх зорилго тавиад байна.

Холбоотой мэдээ