Д.Амартүвшин: Говь-Алтай аймгийн 12 сумын эрчим хүчийг тодорхойгүй хугацаагаар бүрэн хязгаарлана

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-04-09 10:13:42

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн 12 сумын цахилгаан эрчим хүчийг хязгаарлагдахад хүрээд байгаа. Үүнтэй холбоотойгоор “Тайшир-Гуулин УЦС” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Амартүвшинтэй ярилцлаа. 


-Сайн байна уу. “Тайшир-Гуулин УЦС” ХХК-д үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан Говь-Алтай аймгийн 12 сумын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлагдахад хүрээд байна. Энэ тухай тодорхой мэдээлэл өгнө үү?

-Манай Тайширын УЦС 2008 оноос одоог хүртэл хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр тасралтгүй ханган ажиллаж байна. Усны барилга байгууламж дээр үл хөдлөх хөрөнгийн татвар байх ёстой гэж заасанчлан сүүлийн хэдэн жил асуудал үүсээд байгаа. Үүнтэй холбоотойгоор манай УЦС-ийн үйл ажиллагаанд хүндрэл үүсч, хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэглээг хязгаарлахад хүрээд байна. Ялангуяа Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг дөрөвдүгээр сарын 9-өөс тодорхойгүй хугацаагаар бүрэн хязгаарлахад хүрлээ.

-Асуудал хэзээ, юунаас үүсэв? 

-2013 оноос Тайширын УЦС-ын үл хөдлөх хөрөнгийн татварын маргаантай асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор шүүхээс таван шийдвэр гарсан. Гурав нь үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөх, хоёр нь үл хөдлөх хөрөнгийн татвар ноогдуулахаар шийдвэрлэсэн байдаг. Орон нутгийг, тэр тусмаа хоёр аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангаж байгаа Тайширын УЦС-ын хувьд татварын хууль тогтоомжийн маргаантай асуудал нь үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүйд хүргэж байгаа учир Эрчим хүчний сайд н.Даваасүрэн Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч н.Зоригтоос тайлбар хүссэн бичиг илгээсэн. Шүүхийн тухай хуульд өөрчлөлт орсон учир тайлбар өгөх боломжгүй байна гэсэн хариу ирсэн. 

Үүнтэй холбоотойгоор 2008 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн сайдад бичиг хүргүүлсэн. Уг бичигт: “Эрчим хүчний компанийн цахилгаан станцын барилга далан ашиглалтын тунел, ажлын байр зэрэгт орон нутгийн татварын байцаагч нар үл хөдлөх хөрөнгийн татвар ноогдуулж байна. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.1.1, 7.1.3-ыг үндэслэж улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээд нийтийн эзэмшлийн барилга байгууламжид үүнийг ноогдуулахгүй. Хэрвээ ноогдуулвал хэрэглэгчдийн тариф өсөх тухай тайлбарласан байдаг. Нэгэнт Шүүхийн шийдвэр гарсан учир манай байгууллага үүнтэй холбоотой маргаан үүсгэхгүй байгаа. Гэвч аймгийн Татварын хэлтсээс гуравдугаар сарын 30-нд байгууллагын дансыг хааж, ажиллагсдын цалин хөлс болон урсгал засвар хийх шаардлагатай сэлбэг тоног төхөөрөмж авах гэх зэрэг улсын төсвөөр үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүргэлээ. Тэр ч байтугай байгууллагын нэр дээрх хоёр автомашиныг битүүмжилсэн. Ингэснээр хөдөө буюу УЦС дээр ажиллаж байгаа инженер техникийн ажиллагсдын хоол унд болон ээлжийн ажилчдыг зөөхөд хүндрэл үүслээ.

-Энэ тухай Эрчим хүчний яам болон холбогдох албаныханд мэдэгдсэн байх. Ямар хариу өгөв?

-Үүссэн нөхцөл байдлыг Эрчим хүчний сайд, Эрчим хүчний зохицуулах хороо, орон нутгийн удирдлагууд холбогдох албаныханд удаа дараа мэдэгдсэн. Ажиллагсдын цалингийн зээлийн өр эхнээсээ нэхэгдэж эхэллээ. Ковид-19 цар тахалтай холбоотой нөхцөл байдал хүндхэн байгаа тул эхний ээлжинд ажиллагсадын цалин хөлсийг хэвийн хэмжээнд олгож өгнө үү хэмээн Говь-Алтай аймгийн Татварын хэлтэс болон холбогдох банкинд хүсэлтээ илгээсэн. Харамсалтай нь Татварын хэлтэс өнөөдөр /2021.04.08/ ХААН банкны дансан дахь ажиллагсдын цалинд шилжүүлэх байсан мөнгийг үл маргах журмаар шууд татварын дансанд татсан байна. 

-Үл хөдлөх хөрөнгийн татварын маргаантай асуудал 2013 оноос үүссэн гэлээ. Мэдээж эрчим хүч доголдоно гэдэг ганцхан танай байгууллага бус орон нутгийн дэд бүтцийн гол асуудал хөндөгдөнө. Тэгэхлээр орон нутгийн удирдлагууд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа бол?

-Эрчим хүчний сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрчим хүчний зохицуулах хорооноос орон нутгийн үе үеийн удирдлагуудад удаа дараа хандаж байсан. Өнөөдөр ч мөн адил ЭХЗХ-оос аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт бичиг хүргүүллээ. Тодруулбал, орон нутгийг эрчим хүчээр хангаж байгаа компанийнхаа үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх, дансыг нь хаалгүй үйл ажиллагааг нь хэвийн явуулна уу. Бид энэ тухай Засгийн газраас тодорхой шийдвэр гаргуулахаар ажиллаж байна гэдгээ тодорхой дурдсан байгаа юм. 

Түүнчлэн 2019 онд Татварын Ерөнхий газраас Говь-Алтай аймгийн Татварын хэлтэст, “Тайширын УЦС" компанийн дансыг хааснаар Завхан, Говь-Алтай аймгийн 44 сум суурин газрын 21783 хэрэглэгчдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учир Засгийн газрын шийдвэр гарах хүртэлх хугацаанд улсын байцаагчийн банкин дахь хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах, улсын байцаагчийн мэдэгдэх хуудсыг хойшлуулах саналтай байна” гэдгийг тодорхой тэмдэглэсэн бичиг хүргүүлсэн байдаг. Гэвч холбогдох газруудын шийдвэрийг үл тоон манай байгууллагын үйл ажиллагааг доголдуулж байна. Татварыг төлж болно. Төллөө гэхэд эрчим хүчний үнэ л нэмэгдэнэ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийн тарифыг нэг удаа 23 төгрөг 92 мөнгөөр буюу 1кВ эрчим хүчний үнийг 201,3 хувиар нэмэгдүүлж 35 төг 80 мөнгө болгоно. 2019 оноос хойш КОВИД-19 цар тахлын улмаас улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Цар тахалтай холбоотой хууль ч гарсан. Улс орны стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний үнийг нэмж болохгүй гэдгийг уг хуульд заасан байдаг. Тиймээс эрчим хүчний тарифт ямар нэгэн өөрчлөлт хийж хэрэглэгчдэд хүндрэл үүсгэхгүй. Тайширын УЦС-ын асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж чадахгүй байна. Иймд хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах ажлыг хэвийн явуулна уу гэдгийг ЭХЗХ-оос аймгийн Засаг даргад албан бичгээр хүргүүлсэн. Энэ тухай би мөн адил Засаг даргатай утсаар холбогдон ярихад “Би ойлгож байна. Хэрэглэгчдэдээ ЦЭХ-ээр хангаж бай. Гол нь Татварын газартайгаа ойлголц” гэж хэлсэн. Харамсалтай нь Татварын хэлтэс манай компанийн ажиллагсадын цалин хөлсийг татаж, УЦС-ын ээлжийн ажиллагсдын хоол унд, тоног төхөөрөмжийг зөөвөрлөдөг автомашиныг Автотээврийн төвд хандан ашиглах эрхийг хязгаарлуулж битүүмжиллээ. Иймд бид УЦС-ын үйл ажиллагааг хэвийн явуулах ямар ч боломжгүйд хүрээд байна. 

-Татварын Ерөнхий газраас танай байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлийг аймгийн Татварын хэлтэст ирсэн гэж ярилаа. Орон нутгийн татварын байгууллагын удирдах албан тушаалтантай холбогдож ярилцсан уу?

-Аймгийн Татварын хэлтсийн даргатай дөрөвдүгээр сарын 5-нд уулзаж ярилцсан. Холбогдох бичиг,  хүсэлтээ ч хүргүүлсэн. Ядаж манай ажиллагсдын цалинг олгож өгнө үү гэдэг хүсэлтээ илгээсэн. Харамсалтай нь цалин хөлсийг ч олгох боломжгүй гэлээ. 

-Тэгэхлээр энэ асуудалтай холбоотойгоор Говь-Алтай аймгийн нийт хэрэглэгчид дөрөвдүгээр сарын 9-өөс эрчим хүчээр хязгаарлагдахаар болчихов уу?

-Манай компани үндсэн хоёр үүрэгтэй. Нэгдүгээрт хэрэглэгчдийг ЦЭХ-ээр тасалтгүй найдвартай хангах. Энэ үүргээ байгуулагдсан цагаасаа биелүүлж байгаа. Гэхдээ үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан дөрөвдүгээр сарын 9-өөс Тайшир дэд станцын 35кВ-н цахилгаан дамжуулах агаарын шугамын Цагаан-Олом гарааг салгахаас өөр аргагүйд хүрээд байна. Ингэснээр Говь-Алтай аймгийн ББЭХС-ээс холбогддог зургаан сумаас бусад бүх хэрэглэгч ЦЭХ-ээр хязгаарлагдах нөхцөл үүслээ.

Хоёрдугаарт, УЦС-ын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, ажиллагсдын цалин хөлсийг цаг тухайд нь тавих ёстой. Нэгэнт цалин хөлсийг татвараас татсан учир хүмүүсээ ажиллуулахад хүндрэлтэй нөхцөл үүсээд байна. Иймд үүссэн нөхцөл байдлыг цаг алдалгүй хэрэглэгчдэдээ танилцуулж байна. Үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүртэлх хугацаанд ЦЭХ-ээр хэрэглэгчдэдээ хангах боломжгүй боллоо гэдгийг зөвөөр ойлгоорой. 

-Цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-аас улс орон даяар бүх нийтийн хөл хориог тогтоохоор шийдвэрлэсэн. Ийм хүнд нөхцөлд стратегийн чухал ач холбогдолтой байгууллагын үйл ажиллагаа доголдож ард иргэдийг эрчим хүчээр хязгаарлах нөхцөл үүссэн нь эрсдэл учруулж болзошгүй юм?

-Миний тухайд ЭХ-ний сайдтай утсаар холбогдож үүссэн нөхцөл байдлыг танилцууллаа. Сайд ЭХЗХ-ны холбогдох албаныхантай уулзаж тодорхой чиглэл өгнө гэлээ. Би Диспичерийн үндэсний төвд нөхцөл байдлаа танилцуулж, эрчим хүч хязгаарлахад хүрээд байгаа тухайгаа бичгээр танилцуулсан. Эхний удаа бүхэл бүтэн аймгийн хэмжээнд эрчим хүч хязгаарлаж болохгүй гэдэг чиглэлийг бидэнд өгсөн. Гэсэн ч үүссэн нөхцөл байдалтай бүрэн танилцсаны дараа үнэхээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учир бид та бүхнийг хүчээр ажилла гэж чадахгүй гэдэг хариу ирүүлсэн. Орон нутгийн холбогдох албанаас нааштай хариу өгч үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлж байгууллагын дансыг нээх болов уу гэсэн хүлээлттэй байна. Хэрвээ ийм боломж байхгүй гэвэл бид аймгийн 12 сумын хэрэглэгчийн эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүйд хүрнэ.  

-Цаг үеийн асуудлаар ярилцаж хэрэглэгчдэдээ тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа.



Холбоотой мэдээ