Аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-04-09 09:59:01

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдлаа. Хурлаар эдийн засгийг дэмжих чиглэлээр хийх ажил, “Ковид19” халдварын мэдээлэл, болон хэсэгчилсэн хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцлээ.

Эдийн засгийг дэмжих чиглэлээр хийгдэх ажлуудаас дурдвал өнгөрсөн онд Дархан-Уул аймагт бүтээн байгуулалтын ажил хийсэн ААНБ-ууд, иргэдийн үлдэгдэл санхүүжилтийг энэ сарын 20-ны дото,  хувь хүний орлогын албан татварын 2020 оны тайлангаар хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх 2052 иргэний 1.2 тэрбум төгрөгийг санхүүжилтийг 4 сарын 20-ний дотор олгохыг Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо. Түүчнлэн ирэх сарын нэгнээс эхлэн Сум хөгжүүлэх сангийн тав хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ажлын байраа хадгалж буй иргэдэд зориулан төслийн материал хүлээн авахгүйгээр олгохоор боллоо. Ингэсэнээр ажлын байрыг цаашид хадгалах, иргэдийн жижиг дунд бизнесийг дэмжихэд дэм болно гэж аймгийн Засаг дарга онцлов.

Хэсэгчилсэн хөл хорио тогтоох тухай өмнө нь мэдээлж байсан. Ингэхдээ хатуу хөл хорио тогтоох бус иргэд олноор үйлчлүүлдэг томоохон байгууллага, ААНБ-уудын үйл ажиллагааг тодорхой хувиар бууруулж цагийн хязгаарлалт тогтоох аж. Өнөөдрийн байдлаар ямар чиглэлийн байгууллагууд гэдэг нь тодорхойгүй байна. Улсын онцгой комиссын шийдвэрийг үндэслэн энэ сарын 10-аас хязгаарлалт хийх төлөвтэй байгаа гэлээ.

Коронавирусний халдварын тухайд өчигдөр 5 тохиолдол шинээр батлагдаж 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар нийт 141 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын хоёр нь гэрийн ажиглалтаас, нэг нь тусгаарлах байрнаас, хоёр нь эх үүсвэр тодорхойгүй ажээ. Эмчлэн тусгаарлагдаж буй иргэдээс  17 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд гэртээ 7 хоног тусгаарлагдана.

Эмчлүүлж буй 65 иргэний 21 нь хүүхэд. Нэг хүний биеийн байдал хүндэвтэр, 7 хүн уушигны хатгаатай, бусад иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа талаар Нэгдсэн эмнэлгээс мэдээллээ.Дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн байдлаар “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтад 20834 иргэн хамрагдаад байна. Өнөөдөр нэг цэгээр дамжуулан Төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан уурхайчдыг дархлаажуулалтад хамруулах аж.

Харин дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Олон улсын худалдааны төвийн 370 гаруй түрээслэгчээс дахин PCR-ийн шинжилгээ авна. Тус худалдааны төвөөр үйлчлүүлсэн, Smartdarkhan.com сайтад бүртгүүлсэн иргэдээс шинжилгээ авах ажээ.

 

Холбоотой мэдээ