Малчдад тусламж хүргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-08 10:23:12

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2021 оны нэгдүгээр сард хийсэн зудын эрсдэлийн үнэлгээний дагуу отор нүүдлээр яваа болон хүндрэлтэй байгаа малчин өрхүүдэд зориулж 1200 ширхэг хүнсний тусламжийн багцыг Азийн хөгжлийн банкны "Хөдөө аж ахуйн хөгжил" төсөлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санал тавьж шийдвэрлүүлсэн. 


Энэхүү хүнсний багц нэг бүр нь /гурил, элсэн чихэр, будаа, цай, ургамлын тос/ 57000 төгрөгийн үнэтэй бөгөөд сумаас ирүүлсэн саналын дагуу 18 сум бүрт 50 малчин өрхөд, хүн ам ихтэй Эрдэнэбулган сумын баг тус  бүрт 40 малчин өрхөд хуваарилан хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

2020-2021 оны мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад зориулж Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвсний нөөцийг нэмэгдүүлэхэд зориулж 200.0 сая төгрөгийг 2020 оны 11 дүгээр сард, өвөлжилтийн нөхцөл хүндрэлтэй 16 суманд 200 тн хивгийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, 100 тн өвсийг үнэгүйгээр 2021 оны 1-р сард олгосон. Мөн 2021 оны 2 дугаар сард НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас өвөлжилт хүндэрсэн Хашаат, Хотонт, Өгийнуур, Өлзийт, Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэмандал сумын 112 өрх тус бүрт дунджаар 700 орчим мянган төгрөгийн хүнс, тэжээлийн тусламжийг үзүүлсэн. 



Холбоотой мэдээ