...ЮМ БАЙНА ?

ТОЙМ
batsaikhan@montsame.mn
2016-06-15 17:48:11

 ЭКО ХОТЫН ШИНЭ ЗАГВАР буюу ТЯНЬЖИНЭЭС ЦАЦРАХ ГЭРЭЛ хэмээх судалбар

/ ...ЮМ БАЙНА ? тэмдэглэлийн үргэлжлэл.../

Бээжингээс уг нь Тяньжин рүү цахилгаан галт тэргээр л цахилах юм гэж санасан. Учир нь Бээжин Тяньжины хооронд цахилгаан галт тэрэг 29 хоромд сүнгэнээд буучихдаг гэдгийг хэвлэлийн мэдээнээс харсан даа. Тэгсэн чинь “Луун зулзаган”-ыхаа хэвлийд бүүвэйлсээр гараад өглөө. 150 км зайтай газар гэнэ. Хурдны замаар гурван цаг л шогшуулах юм байна.

Энэ нь ч бас өнөөх бодлогот хөтөлбөрийн зам. Замдаа “ Ногоон хөгжил”-өө л үзүүлэх гээд тэр. Өмнө өгүүлсэн өндөр хүчдэлийн шугам дагаад, өтгөн ногоон шугуйн завсраар давхихуй, автобус ч аахилсангүй, аанай бид ч аахилсангүй.

Явсаар усан тохой олонтой, өргөн гээчийн голтой, тахирлан мушгирсан, дээшээ, доошоо хотойсон замтай, нарийн гудамжтай, өндөр шилэн барилгуудтай, европын готын уран барилгын хийцтэй хуучны маягийн ганган байшинтай, Парис, Лондон, Берлинд үзэгддэг морин тэргээр жуулчид нь аялсан, хүмүүсийнх нь хувцаслалт, өнгө донж нь европжирхуу, гэхдээ уламжлалт хятад моодоо хослуулсан гэрэлтсэн царай бүхий хүмүүстэй, аргагүй л далай үнэртсэн хот руу ороод ирвэй.

Дэлхийн том брэндийн бүтээгдэхүүний зураг бүхий компанийн том барилгууд,  “Чайна банк”, “Бээжин банк”, “Олон улсын банк” гэсэн хаягтай мөнгөний авдар шиг байшин ч олонтоо тааралдана. Энд дэлхийн 500 гаруй компанийн салбар байрладаг нь ч үүний тод нөлөө гэлтэй. Хөтөч маань Тяньжин хот бол том голоо дагаад /манайхаар бол Туул гол шиг/ ийнхүү зам, гудамж нь мушгирсан, олон гүвээ, хотгортой газар оршдог онцлогтой гэдгийг дуулгав. Бээжин бол тэв тэгшхэн тал хөндийд байдаг тул гудамж, зам нь нэн шулуухан, тэгшхэн байдгийг манай монголчууд андахгүй бизээ. Бээжин бол ИХ ЮАНЬ гүрний үеийн гол бүтээн байгуулалтын төв нийслэл байснаараа онцлог. 

Биднийг шуудхан л Тяньжин хотын Захиргааны төв ордонд хүргэв. Нэл ногоон цэцэрлэг, алагласан зүлэг, цэцгийн мандал, цацарсан усан оргилуур, чамин баримал, чимэглэл бүхий цэв цэвэрхэн талбайн дунд оршдог энэ ордон хуучны хаадын өргөө л гэлтэй. Гэвч өндөрт мандуулсан БНХАУ-ын далбаа л төрийн байр гэдгийг тодруулна. Дотроо чамин ваартай анхилам цэцэгсээр чимж, доод давхрынхаа гол хаалгыг алтаджээ. Албаны хаягтай хэрнээ өмнөө төгөлдөр хуур тавьсан нь сонгодог өнгө төрхтэй. Зүүн баруун талдаа томоохон хүлээн авалт, хурлын танхимтай юм. Биднийг Тяньжин хотын дарга баруун талын танхимдаа ёсорхон хүлээн авлаа.

Тэрбээр, “Манай хотын хувьд анх удаа Монголын сэтгүүлчдийг хүлээн авч байгаадаа баяртай байна. Тяньжин Бээжингээс эрс өөр юм гэж ярьсныг чинь сонслоо, энэ үгэнд чинь баярлалаа. Тяньжинд тавтай морил” гээд Си даргынхаа монголоос 5 жилд багтаан урьсан 250 сэтгүүлчийн хоёр дахь  баг манайд ирсэн нь даргын маань манай хотыг дэмжиж буйн илэрхийлэл гэж онцлов.

Хятадын бодлогын чухал 4 хотын нэг нь манай Тяньжин. Хятад 5000 жилийн түүхэндээ хот байгуулах баялаг өв ихтэй. “100 жилийн түүх мэдье гэвэл Сян-д оч, 1000 жилийн түүхийг мэдье гэвэл Бээжинд оч, 5000 жилийн түүхээс илүүг мэдье гэвэл Тяньжинд очоорой” гэсэн олны үг ч бий. Тяньжины 100 гаруй бүтээгдэхүүн хятадын шилдгээр тодорхойлогдсон. Тяньжинд хятадын хамгийн том Дорны аж үйлдвэрийн их сургууль анх байгуулсан ч, одоо Тяньжины Их сургууль болсон.

Олон орны хүн ирж суралцдаг боллоо. Мөн Санхүү, эдийн засгийн их сургууль ч байна. Бас нэг онцлох юм нь Хятад улсын хамгийн анхны цагдаа Тяньжинд ажиллаж эхэлсэн сонин түүх ч байх. Бас хятадын хамгийн анхны шуудан байгуулж, анхны марк ч хэвлэж байжээ.  Өнгөрсөн жил гэхэд л ДНБ нь 1153 тэрбум юань хүрч нэг хүнд ногдох чадвараараа хятаддаа тэргүүлжээ. Хөгжлийн боломжийг нээсэн энэ хотод хятадын төрийн 5 том стратегийн бодлого хэрэгжиж буй аж. Бээжин-Тяньжин- Хэбэй гэсэн нэгэн бүс, эдийн засгийн шинэ чөлөөт бүс,  төрийн инновацийн туршлагын суурь бүс, Тяньжины Бинхай дүүргийн эко бүс, Эрчим хүч хэмнэх нарны шилэн хавтангийн үйлвэрлэлтийн бүс үүнд багтана. Эдгээр үгсийг зангидан бодоод Тяньжины шөнийн зугаалга, Олон улсын худалдааны төв, Эко төслийг үзсэнээр яах аргагүй Хятадын ЭКО ЗАГВАРЫН ХОТ гэдэг нь бүр ч тодорлоо. Хотын дарга “ Сэтгүүлчдийн энэ айлчлал бол Тяньжин Монголын харилцаанд шинэ алхам нэмж байна. 1992 онд Улаанбаатар хоттой нөхөрсөг хамтын харилцаа тогтоосон. Хятадын 4 том далайн боомтын нэгийн хувьд ч Монгол Улсын далайд гарах хамгийн ойр гарц болж байна. Монгол Улсыг далайн гарцтай болоход Тяньжин тусална. Тяньжины том компани ч Улаанбаатар хотод  “Ажнай хүлэг” нэртэй орон сууцны хорооллыг барьж өгөхөөр амласан. Энэ төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Аж үйлдвэрийн их сургууль МУБИС хамтран ажиллаж байна. Улаанбаатар-Тяньжины хооронд шууд нислэг явж байгаа. Хятад улсын ”Нэг зам-нэг стратеги”  бодлоготой энэ бүхэн уялдахаас гадна ОХУ, БНХАУ, Монгол Улсуудын харилцаанд ч чухлаар холбогдоно...гэсэн хотын даргын яриа...нэн чухал санаа болон нэг ...ЮМ ХЭЛЭЭД байгаа биз ?

Манай багийн ахлагч Ж.Батхишиг ч хариуд нь “ Бээжинг бодоход танай хотын агаар цэвэрхэн, түүхэн уран барилгуудаа сэргээсэн, шинэ эко хотын шилмэл загвар гэдгийг  бид мэдэж авлаа. МОНЦАМЭ, СИНЬХУА агентлаг олон жил хамтран ажиллаж, Бээжингийн радио ч сэтгүүлчдээ солилцдог. Монголоос 250 сэтгүүлч урьсны хариуд Монгол улс ноднин хятадын 50 сэтгүүлчийг хүлээн авсан. Энэ жил 8 дугаар сард Монгол Улсын Хэнтий аймагт Монгол хятадын хэвлэлийн хоёрдугаар форумыг хийнэ. Тяньжин хотыг манай 50 гаруй сэтгүүлч сурталчилна.  Тяньжинд Монголын сэтгүүлчдээс сургах боломж бий юү? хэмээхүйд Тяньжин хотын дарга сургаж ч болно, бас буцаж ирээд сурвалжилсан ч дуртайяа хүлээн авна шүү гэж байв.

Албаны энэ үгээ хумиад биднийг зүүн талын танхимдаа хүндэтгэл үзүүлэн оройн зоог барилаа. Хятадын үндэсний шилдэг олон төрлийн хоолноос гадна хотын дарга хундага өргөхдөө “Тяньжины брэнд боорцог наана чинь байгаа шүү. Амтархан хүртээрэй” гэв. Тэр нь яг л манай баруун аймгийнхны хийж, цагаан сарын идээн дээрээ тавьдаг самнаа боорцог шиг хийцтэй, амтархаг ажгуу. Далайтай ойр болоод ч далайн ногоо, загас, хавчаахай, сам хорхойн мах илүүтэй нь содон.

Хотын дарга “Өнөө шөнө манай хотоор сайхан аялаарай. Голд усан онгоц хүлээж байгаа” гээд биднийг зугаалганд урилаа.

Шөнийн хотыг Хүэнхэй мөрний усаар зугаацахдаа тольдон, гэрэл цацарсан хотын чимээнд инээд хөөрөө бид нэмлээ.  Европын сувдан хот Парисын Сена мөрний усан аялалтай тун адилхнаар зохион байгуулжээ, Хүэнхэй голын зугаалгыг. Тяньжин гэдэг үг бол “Хааны усан гарам” гэсэн үг ажээ. “Хааны усан гарам”-аар аялсан шөнийг тольд доо...

УУЖУУ ХЯТАДЫГ АЖИГЛАХУЙ буюу ...ЮМ ЮМ БАЙНА ? хэмээх таталбар

Хятад хүний нэг онцлог төрх байнаа. Яарах юмгүй тааваараа л давхих юм. Европчууд бол бас ч яарангуй, давхимтгай улсууд байдаг. Тэгвэл эднийхэн айвуу тайвуухан гэж янзтай. Бээжин хотынхон дугуйгаараа ч, машинаараа ч, автбусаараа ч, явганаараа ч, ер юугаараа ч бай, тун тайван хөшилдөнө. Тэр бүү хэл замын гол уулзвар дээр ч зогсчихоод дугуйныхаа хэгээсийг засч ч байх шиг...?  Дугуйтай, мото чиргүүлтэй унаагаа зэрэгцүүлчихсэн хууч хөөрөөд тамхиа асаалцаад ч гэлдэрч явах шиг...?

Шинэхэн ногоон төгөл, хуучны шугуй болсон цэцэрлэгт хүрээлэндээ ч ая тааваараа зугаалж байнам. Манай Улаанбаатар хотын  Туул голын хөвөөнд сүндэрлэн байгаа үндэсний цэцэрлэгт хүрээлэн удахгүй нэг иймэрхүү болоод хэн хүний амран зугаацаж алжаал юугаа тайлах газар болох буйз аа. Уужуу монгол зан төрх маань урд хөрш шигээ уужран, эко паркуудынхаа дунд, Туул голоороо завь, бичил усан онгоцоор ч шөнөжин зугаацах ч юм бил үү? “Амны билгээс ашдын билэг” гэсэн дорны сайхан үг байдаг даа...

ТЯНЬЖИНЫ "НАРНЫ ТОЛЬ" буюу ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХИЙН УХААН хэмээх судалбар

Тяньжин гэхээр л толгойд минь буусан цахилгаан галт тэрэгний  хааяа гясхийн давхих нь үзэгдэнэ. Энэхүү цахилгаан галт тэрэгний анхны буухиаг 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр эхлүүлж, Бээжин-Тяньжины хоорондох 150 км зайг ердөө 29 минутанд товчлон ирж байжээ. Юу вэ...цай буцлахын хооронд гэсэн үг үү? Гэвч энэ үес бивээр нөхдөө хөгжөөмөөр санагдаж “Манай монголд ч түүхэн үйл явдал 2008 оны 7 дугаар сарын нэгэнд болоо биз дээ. Анх удаа сонгуулийн луйврыг илчлэн, таслан зогсоох жагсаал, “чимээгүй” буун дуутай эсэргүүцлийг хийж ардчиллаа хамгаалсан бил үү?” гэхэд манайхан багагүй баяссан. Түүнээс хойш зарим үзсэн юмаа манайхан “ аа, манайхыг эд нар дуурайчихаж. Тэгэхдээ илүү сайжруулчихаж... машины түгжрэлийг зогсоох дугаарын хязгаарлалтаас санаа авчихаж” гэх мэтээр хөгжилдсөөр явлаа.

Тяньжин хотыг “Ногоон хөгжил”-ийн загвар болоход Бинхай дүүргийн ЭКО БҮС-д орших “Чайна энерги” консерциум, Энергийн төслийн группын хэрэгжүүлж буй эрчим хүч хэмнэх төслүүд гол нөлөөтэй... ЮМ БАЙНА.

Тус группын захирал “ Улсын бодлогоор манай групп байгуулагдсан. Эрчим хүчний хэрэглээг зөв зохистой ашиглах, хэмнэхийг зорилгоо болгодог. Эднийх хятад дотроо 30 орчим мужид 493 гаруй салбар компанитай, 50 гаруй оронтой харилцаатай. Үйлдвэр, хот байгуулалтын цахилгаан шугам сүлжээний ажлаараа хятаддаа тэргүүлдэг. Ногоон үйлдвэр-ногоон барилга-ногоон байгууламж-ногоон сүлжээ бүхий цогц төслүүдийг хийж байна. Жилдээ 530 тн хог хаягдлыг цэвэрлэх тоног төхөөрөмж бүтээснээ ч үзүүлэв. 1190 квадрат метр бохир ус цэвэрлэх байгууламж ажиллуулж 100 сая хүнийг цэвэршүүлсэн усаар хангаж байгаа нь аварга. Манай улсын БОНХЯ-тай гол мөрний сав газар, нөхөн сэргээх ажилд хамтран ажиллахаар болсноо мэдээлэв.  Бидний зорчих Ордос, Бугат, Хөх хот болон хөдөө нутгаар салхин сэнс ашиглах ажлыг ч эхлүүлжээ. Одоогоор 300 гаруй салхин сэнс ашигладаг компанитай хамтран ажиллаж байгаа. Өвөр монголд салхи ашиглах боломжтой гэдгийг ч онцлов. Сүүлийн үед нарны эрчим хүч нөөцлөх, хадгалах бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ ч улсдаа тэргүүлж байна. Байгальд ээлтэй барилгын материал бас үйлдвэрлэдэг. Ийм барилгын материалаа эхлээд Шриланка, Ирак, Пакистан, Конго зэрэгт нийлүүлж байсан бол одоо европ руу Франц, Грек, Серб зэрэг орнууд руу нийлүүлэх болжээ. 

Хотын гэрэлтүүлгийг эднийхэн бараг шинэчлэн шийджээ. Ганцхан гудамж, нэг хоёрхон шонгийн гэрэл бус бүхэл том гүүр, цэцэрлэгт хүрээлэн, орон сууцны хотхон...гээд цогцолбороор нь гэрэлтүүлгийг шийддэг туршлагатай болов. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн Бан Ги Мун эднийхээр айлчлаад гарахдаа “Хятад бол хамгийн их эрчим хүч хэрэглэж байгаа ч эрчим хүч хэмнэлтээрээ бусад улс оронд туршлага түгээх, үлгэрлэх талаараа сайн ажиллаж байгаа” гэж үнэлсэн байна. Бидэнд үүдэндээ, гудамжиндаа тавьсан нэгэн хогийн  савыг үзүүлэв. Тэр нь шөнө хогоо хийхэд “энд бүрмөсөн хаях хогоо хий”, “энд дахин ашиглах хогоо хий” гэсэн бичиг бүхий  гэрлэн дохиотой юм. Басхүү нарны гэрлээр цэнэгээ авчихдаг технологиор хийсэн нь сонирхол татна. Эрчим хүчний хэмнэлт хогийн савнаас эхэлж байгааг бод доо...Энд нэг ЮМ БАЙГАА биз...?

Эндээсээ бид “Нарны толь” шиг шилэн хавтан үйлдвэрлэдэг “Шин И” компанид очив. Дэлхийд хамгийн том нарны шилэн хавтан үйлдвэрлэгч энэхүү компани 15000 гаруй хүнийг ажлаар хангаж байна.   Хятадад “Шин И” шиг гурван том компани бий. Малайзад нэг салбараа ажиллуулдаг. Нарны эрчим хүч үйлдвэрлэх эко бүсээрээ Тяньжин ийнхүү тэргүүлдэг аж. 30 мянган га газрыг эзэлсэн энэ бүст 1,4 тэрбум юаны хөрөнгө цацжээ. Цацсан хөрөнгө оруулалтаараа жилдээ 200 сая кВт цахилгаан гаргах чадалтай шилэн хавтан үйлдвэрлэж 68 мянган айл өрхийг гэрлээр хангах юм. Ингэснээр 84 мянган тн нүүрс шатаахгүй болчихно. Шилэн хавтангийнхаа дорх орон зайг ч зүгээр орхихгүй. Усан сан байгуулж загас үржүүлнэ. Уг газар нь Тяньжины хамгийн муу намгархаг, давсархаг, хужирхаг өмхий үнэртсэн газар байжээ. Давс, хужрыг нь авч дуусчихаад дээр нь энэ шилэн хавтанг үйлдвэрлэн нарны толь болгон ашиглаж байна. Олон зуугаар нь эгнүүлсэн нарны энэ толиос цахилгаан тэжээл сорогч парк 40 сая кВт эрчим хүч үйлдвэрлэж байгаа нь гайхам. Ойролцоох орон сууцны хорооллыг ч эднийхээс цахилгаанжуулжээ. Хятадын цахилгаанжуулалт шийдэгдчихээд одоо эрчим хүч хэмнэлтийн зам руугаа орсныг эндээс харж болно. Хятад удахгүй газрын гүн рүү хоолой шургуулж хий дамжуулах аварга станц барих төсөл тооцоогоо хийчихэж. Тяньжины эко төлөвлөлтийн мундаг музейг ч үзэв. Том макетыг дээрээс нь ч , дэргэдээс нь ч харахуй гэрэл цацарсан шинэ хот алган дээр тавьсан мэт жирэлзэнэ. 2030 онд цэвэр усаа шийднэ гэсэн шигээ 2020 онд нүүрснээс бүрэн татгалзана гэнэ шүү.

Дэлхийн агаарын бохирдолттой 20 хотын 16 нь хятадад байдаг гэсэн мэдээг хаа нэгтээ уншсан. Хятад нүүрснээс татгалзсанаар 2025 онд нэг саяас дээш хүнтэй 220 хоттой болно. 2012 оны байдлаар 5 саяас дээш хүнтэй 14 хот байсан бол 2025 онд АНУ-ын Сан Франциско шиг 23 хоттой болох төсөл ч хийж. Тэдгээр хотын иргэдэд нэг кВт цахилгааныг 0,95 юань буюу манайхаар бол 300  төгрөгөөр худалдах нь.  За яавч 2030 онд хятадад очвол эрүүл эко орчныг бараг шийдчихсэн зогсож байх нь ээ. Хятад улс ийнхүү эрчим хүч хэмнэх , зөв зохистой ашиглах талаар зүгээр сүүсангүй. Зүлгэж ч суусангүй. Зүтгэж, бүтээж байна.

              2016. 06.01.            Тяньжин хот.  “Sunwworld” зочид буудлын 632 тоот өрөө...

/ Төгсгөлийн тэмдэглэлийг маргааш  үргэлжлүүлэн уншаарай/

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ