Богдхан уул болон Туул голын эрэг дагуух газрыг тохижуулна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-04-05 09:47:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаны хүмүүсийн хамт Богдхан уул, Туул голын эрэг орчмоор хийх тохижилтын ажилтай танилцлаа.


Тодруулбал, Сонсголонгийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуух 27 км газарт нийт 15 байршлыг тохижуулах юм. Ингэхдээ зуны улиралд хамгийн их устай үед голын эргийн аюулгүй байдлыг хангасан байршлуудыг сонгожээ.


Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “15 байршлаас 11-ийнх нь тохижилтын ажлын даалгавар батлагдсан. Таван байршилд загвар зураг нь батлагдаж, нэг байршлыг тохижуулсан. Богд уулын арын зам буюу Дүнжингаравын зам дагуу 17,8 км дугуйн зам хийж байгаа” танилцуулав.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, шуурхай ажиллаж, хурдан төлөвлөн богино хугацаанд зохион байгуулахыг сануулаад даваа гаргаас ажилдаа орохыг үүрэгдлээ.


Туул голын эрэг дагуух тохижилтыг ихэвчлэн сагс, хөл бөмбөг, тоглоомын талбай, машины зогсоол, дугуйн болон явган хүний замтай байхаар төлөвлөжээ. БОАЖЯ-ны зөвшөөрлөөр газар олгосон байсныг хүчингүй болгон тохижуулах гэж буй газар ч байгаа аж.




Хотын дарга мөн газрын хэмжээг нэмэгдүүлэх боломжийг судлахаас гадна эрүүл, аюулгүй, өнгө үзэмжтэй байх стандартад анхаарахыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламд үүрэг болголоо.

Үүний дараа Хотын дарга Богд уулын Баруун ширээт, Дугуй цагаан руу алхдаг хэсэгтэй танилцав. Тус газар нь “Энигма” ХХК-ийн мэдэлд байдаг ч тохижуулаагүй өнөөг хүрснийг холбогдох албаныхан анхааралдаа авч, шаардлагатай бол Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулахыг даалгасан юм. 


Түүнчлэн Богдхан уулын Баруун ширээт рүү гарах замд тав, Зүүн ширээт рүү гарах замд зургаан амралтын цэг байгуулахаар төлөвлөжээ. Амралтын талбайг ч мөн тохижуулахаар төлөвлөжээ

Холбоотой мэдээ