Ханш нээх дөрөвдүгээр сар

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-04-01 11:28:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2021 оны  4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.

 

“Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн нутаг Төв болон Өмнөговь аймгуудын ихэнх хэсгээр олон жилийн дундаж (ОЖД)-аас дулаан” гэж  цаг агаарын урьдчилсан тоймд онцолжээ. Баян- Өлгийн ихэнх, Ховдын өмнөд хагас Говь-Алтайн баруун өмнөд хэсгээр ОЖД- аас ахиу цас, бороо орох төлөвтэй байгаа аж. Хэнтий, Дорнод Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудын нутаг, Дорноговийн хойд хэсгээр ОЖД-аас бага  (чийг)  орох төлөв гарчээ.


Сарын 1 дүгээр 10 хоногийн сүүлээр баруун болон төв, зүүн зүгийн нутгаар 2 дугаар 10 хоногийн сүүлчээр баруун болон төвийн нутгаар, 3 дугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхины хурд зарим газраар 16-18 м/с  ялангуяа 3 дугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар зарим үед 18-24 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй. Түүнчлэн 4 дүгээр сарын 11-16, 24-26-ны өдрүүдэд баруун болон төвийн бүс, 15-20 өдрүүдэд зүүн болон говийн бүс нутгаар чийг (цас бороо) бага байх төлөвтэй байна. Ийм учраас энэ өдрүүдэд хуурайшилт өндөр байх магадлалтай болохыг  анхааруулжээ. Цаг агаарын тоймд дурдагдаад байгаа ОЖД гэдэгт  Олон улсын цаг агаарын байгууллага 1981- 2010 оныг багтаасан байдаг байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ОЖД-аас 4 дүгээр сар ямар байсныг одоо авч үзье.


Агаарын температур 1997 оноос ихэнх нутгаар харьцангуй дулаарчээ. Тухайлбал, 1998, 2004 онуудад ОЖД-аас 4 хэмээр дулаарч өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 15-26 хэм хүрчээ. Харин 1980, 1986, 2010 онуудад ОЖД-аас 4 хэмээр хүйтэн байжээ. Хүйтний эрч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр -30-35 хэм хүрч байсан гэж тэмдэглэсэн байна. Мөн 4 дүгээр сарын хуурайшилтын өдрийн тоог гаргажээ. 1980- 2020 оны  4 дүгээр саруудад чийгшил (цас бороо) ОЖД-аас 30 хувиар бага байсныг зураглан харуулжээ. Түүнээс харахад говийн бүсийн нутгаар 11-20, Алтайн өвөр говь болон тал хээрийн бүс нутгаар 4-8, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаг болон Их нууруудын хотгор, голуудын сав газраар 1-4 хоног хуурай байдаг байжээ.


Баруун аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур  нийт нутгаар ОЖД орчим. Цас бороо Баян–Өлгийн ихэнх, Ховдын өмнөд хагас, Говь–Алтайн баруун өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу орно. Бусад нутгаар ОЖД орчим байна. Нэг, хоёрдугаар 10 хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8 хэмээр хүйтэрнэ. Нэг, хоёр болон 3 дугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас бороо орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, 1, 3 дугаар  10 хоногийн сүүлээр  18–20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур Төв аймгийн ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан байна. Бусад нутгаар ОЖД орчим байх төлөвтэй. Нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр цас бороо орох төлөвтэй.  

Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 15–18 м/с, зарим үед түр зуур 20 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах бололтой.

Зүүн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байна. Харин цас бороо ОЖД–аас бага байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар 10 хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8 хэмээр хүйтэрнэ. Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12–17 м/с, зарим үед 20 м/с  хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах магадлалтай.

 Говийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж  температур Дундговь, Дорноговь, Говьсүмбэрийн нутаг Өмнөговийн ихэнх нутгаар  ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Дорноговийн хойд, Говьсүмбэрийн нутгаар ОЖД–аас  цас бороо бага орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3-8 хэмээр хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар  хоёрдугаар арав хоногийн эхээр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 16-18 м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй  гэж цаг агаарын 4 дүгээр сарын урьдчилсан тоймд дурджээ.  


Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн 30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газраар” гэсэн нэршлийг хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”, түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар” гэх утгыг авч үздэг.


Монгол Улсын нутаг дэвсгэрийг дээрх дөрвөн бүсэд хувааж цаг агаарын  урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэдэг. Тэгвэл:

Баруун аймгуудад: (Баян- Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төвийн аймгуудад: (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн  аймгуудад: (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь аймгуудад: (Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэж нэр томьёог тайлбарлажээ.  

 

“Ханш нээх” гэсэн ойлголт байдаг. Энэ өдөр 2020.04.04-нд (Билгийн тооллын 11, Хаврын дунд шаргачин туулай сарын есөн улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр) тохиож байна. Энэ өдөр нь хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондох хугацаа хамаардаг гэнэ. Амьд байгалийн амьдрал сэргэж ичигсэд ичээнээсээ гарч, хорхой шавьж хөдөлдөг учиртай юм. Ханш гэдэг үг нь ээлтэй  сайн гэсэн утгатай гэнэ. Монголчууд энэ өдөр хийсэн буян арвижна гэж бэлэгшээдэг аж.  

Холбоотой мэдээ