Тавин нэгдэх мод

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2021-03-25 19:10:13
@ShoovdorBatbold

-Хамтарсан нислэгийг сурвалжилсан 40 жилийн өмнөх сурвалжлага-6-


Говь нутгийн хамуун сайхан хаврын тэр өглөө, хязгааргүй мэт үргэлжлэх тал нутгийн байгалийн гоо үзэсгэлэнг удтал хараад ч сэтгэл ханахгүй мэт байв. Дөнгөж өчигдөрхөн орсон бороо говь нутагт ховорхон байдаг чийглэг агаараар цээж дүүрэн ханатлаа амьсгалах боломж олгож билээ. Нар дээш хөөрч амжаагүй байхад Казахстаны бүх тал нутгийг нэгэн доороос харж байгаа мэт бүх юм ив илхэн, халхлах дов толгод ч үгүй, мянга түмэн ус, цөөрөм цайран харагдаж байв. Говь нутгийн хавар намрын өглөөгүүр бүх юм ойрхон харагддагийг бид төдий л анзаардаггүй байжээ.


Байконур хотын олон цэцэрлэгт хүрээлэнгийн нэгийг “Аллея космонавтов" гэж нэрлэдэг. Зөвлөлтийн шинжлэх ухаан техник сансрын уудмыг эзэмших урт хугацааны төлөвлөгөө гаргасан тэр үе буюу Байконур хотын даргын захирамжаар хотын төв хэсэгт “Аплея космонавтов” хэмээх цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэр гаргажээ. Хамгийн анхны модыг 1961 онд сансрын анхны нисэгч Юрий Гагарин суулгажээ.Тэр цагаас хойш сансарт аялж ирсэн хүмүүс энд дурсгалын мод суулгадаг сайхан уламжлал тогтжээ.


...Бид Байконурын төв хэсэгт байрлах цэцэрлэгг хүрээлэнг чиглэн явж байна. Сансрын аянаа амжилттай дуусгаад өчигдөр эх дэлхийдээ эргэж ирсэн сансрын нисэгч хоёр баатар уламжлал ёсоор дурсгалын мод суулгахаар цэцэрлэгийн хашаагаар орж ирлээ. Цэцэрлэгийн төв хэсэгт 1961 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр сансрын анхны нисэгч Юрий Гагарины суулгасан хайлаас мод навч нахиа мөчир үндэс нь томорч говь нутгийн амбан хайлаас болтлоо ургасан нь бахархалтай сайхан санагдав. Цэцэрлэгийн дотор суулгасан мод бүр өөрийн гэсэн нэр эзэнтэй ажээ. Хүн төрөлхтөн сансрын уудмыг эзэмших гэж удаа дараа сансарт ниссэн он дарааллын түүхийг мод суулгаж тэмдэглэн үүрд үлдээх сонирхолтой, шинэ хэлбэрийг бид сонирхон үзэв. Нэг талаас нь харахад говь хээр газрын хайлаас, улиас мод саглайн ургасан зах нь үл харагдах цэцэрлэгт хүрээлэн хүн төрөлхтөн сансарт ниссэн түүхийг цэцэрлэгт хүрээлэндээ “бичиж”, нөгөө талаас Байконур хот төв хэсэгтээ говь нутагт тийм ч олон биш байдаг сайхан цэцэрлэгтэй болжээ. 



Зөвлөлт Монголын сансрын нисэгч В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар энд дурсалын мод суулгахаар ирж говь нутгийн наранд цэцэрлэг маань анхилуун үнэртэй өтгөн саглагар, сүүдэр ихтэй чийглэг агаартай, зон олон түүний дотор залуу хосуудын зугаалдаг газар болго гэж ерөөгөөд зулзаган хайлаас мод суулгаж услав. Энэхүү баярт мөчид хөг нэмэрлэж цугларсан хүмүүс алга ташин баясаж хөгжөөв. Жанибеков, Гүррагчаа нарын дөнгөж сая суулгасан зулзаган хайлаасны дэргэд “В.Жанибеков Ж.Гүррагчаа 1981 оны 3-р сарын 31” гэсэн бичигтэй пайз бэхэлж босгов. 



Дөнгөж сая суулгасан дурсгалын модоо бэлгэдэж сэтгэгдлээ ярихыг Жанибековоос хүсэхэд: -Сансрын нисэгчдийн суулгасан модод урган цэцэглэж том цэцэрлэг болсныг харахад бахтай сайхан байна. Цэцэрлэгийн дотор Гүррагчаа бид хоёрын суулгасан мод хамгийн залуу зулзаган мод юм. Зөвлөлт монголын сансрын хамтын ажиллагааны уртын урт замын гарааг энэ мод эхлүүлж байна. Энэ мод урган цэцэглэхийн хэрээр хоёр орны сансрын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих болно. “Аллея космонавтов” цэцэрлэгт монголын ард түмний төлөөлөгч сансарт аялж ирээд дахин дурсгалын мод суулгах тэр бэлгэ дэмбэрэлтэй өдөр холгүй гэв.   


Түдэвийн ГАЛДАН

(Увс аймгийн Тэс суманд төрсөн Т.Галдан нь Намын дээд сургууль, Москвагийн Улсын Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 60 орчим жил МОНЦАМЭ болон Монгол телевизэд сэтгүүлчээр ажилласан юм.

МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагчийн хувьд Т.Галдан Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг бүрэн сурвалжилсан бөгөөд 3 дугаар сарын 30-ны өдөр Ж.Гүррагчаа. В.Жанибеков нарыг эх дэлхийдээ эргэн  газардахад нь анхны товч ярилцлагыг хийж байжээ.

Тэрбээр МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч, дэд захирал, тус агентлагаас үндэсний монгол бичгээр эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины Эрхлэгчээр ажиллаж байв.

Т.Галдан 2001 онд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртсэн юм.)


Холбоотой мэдээ