"Дараагийн сансрын нисэгч" хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-03-19 17:11:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтөн анх сансарт ниссэний 60 жилийн ой, монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ өдрүүдэд монголчууд сансар судлалаар "амьсгалж", Монголын дараагийн сансрын нисэгчийн тухай ярилцаж байна.

Тодруулбал, манай улс хөрш хоёр орон ОХУ болон БНХАУ-тай сансар судлалаар улам өргөн хүрээнд хамтран ажиллах саналыг манай улсын анхны сансрын нисэгч, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа гаргаж, албаны хүмүүс дэмжиж байна. Мөн олон улсын сансар судлалын инженерүүдийг бэлтгэл ажил хэдийн эхэлжээ. Энэ нь "Дараагийн сансрын нисэгч" хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийг "Дүдү" боловсролын сан "Space camp Mongolia” нэртэй хэрэгжүүлж байна. 

Хүүхэд багачуулыг багаас нь сансар судлал, инженерчлэлийн мэдлэгт шунан дурлуулж, хөгжүүлж чадвал энэ нь хэтийн хоосон мөрөөдөл биш бодит зүйл юм гэдгийг "Дүдү" боловсролын санг үүсгэн байгуулагч, төслийн санаачлагч Д.Мөнхтунгалаг онцлон хэлж байна. Тэрээр 9 жилийн өмнө эхлүүлсэн ажлынхаа талаар өгүүлэхдээ, "Бид шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик (STEM)-т суурилсан олон талт хөтөлбөрийг монгол хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан хэрэгжүүлж байна. Хүүхэд багачуудыг сансрын технологитой танилцуулж, академик боловсролыг амархан сонирхолтой арга барилаар олгодог. Нэг ёсондоо хүнд хэцүү бодлого томьёо бус хүүхдийн танин мэдэх хүсэл, төсөөллийг төрүүлсэн сонирхолтой даалгавраар хөгжүүлдэг. Хүүхэд багачуул тоглонгоо л сансрын технологийн анхан шатны мэдлэг олоод авна гэсэн үг" гэдгийг тодотгож байв. 


Хөтөлбөрөөр 5-8 насны хүүхдэд цаасаар хүндийн хүчний хуулийг ойлгуулах сэнс, пуужин, 8-аас дээш насныхан гуурсан пуужин хийдэг байна. Цаашдаа энэ аргаа боловсруулан гадна талбайд зориулалттай пуужин хийгээд зогсохгүй хэдхэн жилийн дараа гэхэд өөрөө хатуу түлшит пуужин хийх боломжтой аж. 


Хөгжингүй орнуудад хүүхдэд багаас нь шинжлэх ухаанч, технологийн мэдлэг олгох зорилгоор хүүхдийн музей, зуслан зэрэг сургуулиас гадуур албан бус боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг жишиг бий. Ийм аргаар багаасаа танин мэдэх суурьтай болсон хүүхэд ирээдүйд суралцах дуртай хүн болж төлөвшдөг аж. Тухайлбал, хүүхдүүд сансрын хөлгийн загварт зүгээр л ороод гарах нь хангалтгүй шүү дээ. Эхлээд сансрын нисэгчийн анхан шатны шалгалт өгч, дараа нь хувцсыг дүрмийн дагуу  өмсөж, хөлөгт мөрдөх журмыг хэрэгжүүлэх шаардлага тавьдаг аж. Цаашид хүүхэд багачуулыг механик инженерт суралцаж хөгжих сэдлийг өгөх нь "Дүдү" боловсролын сангийн "Space camp Mongolia” хөтөлбөрийн гол зорилго юм. 


Холбоотой мэдээ