Батлагдсан тохиолдолтой ойр харьцсан 79 иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-14 22:20:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/ Коронавируст халдварын батлагдсан тохиолдолтой ойр харьцсан 79 иргэний эхний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хориглосон доорх байгууллагуудын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлэн хэвийн горимд шилжүүллээ. 

Үүнд; 

 - Аймгийн төвөөс сумд руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 14-ний 15.00 цагаас эхлүүлэн нээж, Арвайхээрийг тойрсон 14 постыг буулгахаар боллоо. 

- Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудын танхимын давтлага, төв барааны зах, худалдааны төвүүд, такси үйлчилгээ, спорт заал, фитнес, усан бассейн, үсчин, гоо сайхан, гандан хийд, хоолны газар, ресторан зэрэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг мөн өнөөдрийн 15.00 цагаас нээхийг зөвшөөрөв.

 - Маргаашаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд хэвийн явуулахаар тогтов. 

- Хужирт суманд үйл ажиллагаа явуулж буй рашаан сувиллуудад өөрийн болон халдвар бүртгэгдээгүй аймгуудаас иргэдийг хүлээж авч, үйл ажиллагаагаа хэвийн явуулахыг зөвшөөрч, халдварын тохиолдол илэрсэн хот, аймгуудаас сувилуулагч хүлээн авахыг хориглов.

Харин; 

- Улсын Онцгой комисс нийслэлийн орох, гарах хөдөлгөөнийг 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хязгаарласантай холбогдуулж Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг 3 дугаар сарын 28-ны өдрийн 06.00 цаг хүртэл хязгаарлав. Эрүүл мэнд, буяны ажил, хүнс, шатахуун, түлээ нүүрс, малын тэжээлийн тээвэр зэрэг шалтгаанаар иргэд аймгийн болон сумдын Шуурхай штабын тусгай зөвшөөрлийн дагуу хот хоорондын хөдөлгөөнд оролцож болно.

Холбоотой мэдээ