Ноолуурын нэмүү өртгийн сүлжээг сайжруулах судалгааны тайланг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-13 12:12:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлагаас “Монгол Улсын ноолуурын тогтвортой хөгжил, түүний нэмүү өртгийн сүлжээг сайжруулах” судалгааны тайланг танилцуулах цахим хурал зохион байгуулав.


Судалгаанд нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудыг бүрэн хамруулах, газар зүйн заалттай бүтээгдэхүүнийг АНУ-д бүртгүүлэхэд дэмжих, ноолуурын тогтвортой стандартыг хөгжүүлэх, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын баталгаатайгаар АНУ-ын зах зээлд нэвтрэх боломж бий болгоход анхаарсан бодлого тусгах талаар оролцогчид санал өглөө.


МННХ-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг энэ үеэр, “Монголын ноолуурын томоохон зорилтот зах зээлийн нэг бол АНУ. Энэ зах зээлд нэвтрэн орох, худалдан авагчдад таниулан сурталчлах, борлуулалтын оновчтой суваг олоход судалгаа бодит хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Цаашид АНУ-ын зах зээлд Монголын хаан ширхэгт тэмдгийг бүртгүүлэх, текстилийн тогтвортой үйлдвэрлэл стандартыг таниулах, газарзүйн заалт бүхий бүтээгдэхүүнийг тухайн зах зээлд гарган хөгжүүлэхэд дэмжлэг хэрэгтэй”-г дурдав.


Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл Клечески, USAID-ын Филиппин, Номхон далайн орнууд, Монгол хариуцсан захирал Лауренс Харди болон бүс нутаг хариуцсан салбарын ажилтнууд, АНУ-ын Худалдааны Төлөөлөгчийн Газрын (USTR) төлөөлөгчид, ХХААХҮ-ийн ТНБД Т.Жамбалцэрэн, ХААХҮЯ-ны Газрын дарга нар, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг олон улсын донор байгууллага, салбарын үйлдвэрийн төлөөлөл гээд 100 гаруй хүн оролцлоо.

Холбоотой мэдээ