Ус ашиглаж буй албан байгууллага, аж ахуйн нэгжийг тоолууржуулснаар усны алдагдлыг бууруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-11 20:20:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас ус, рашааны нөөц ашигласны төлбөр бүрдүүлэх сайн туршлага солилцох уулзалт, сургалтыг Алтай хотноо энэ сарын 6-нд зохион байгууллаа.


Байгалийн нөөц, тэр дотроо ус, рашааны нөөц ашигласны төлбөр бүрдүүлэх сайн туршлагыг судлах чиглэлээр Ховд аймгийн ИТХ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хар нуур, Ховд голын сав газар, “Шим-Ус” ОНӨААТҮГ–ын төлөөлөл нийт 10 хүний бүрэлдэхүүн тус аймагт ажилласан юм. Ингэхдээ Говь-Алтай аймгийн БОАЖГ, “Ундарга-Алтай” ААТҮГ, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны алба хаагчидтай сайн туршлагаа солилцов.

Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын 2020 оны ус ашиглалт, тоолууржуулалт улсад хоёрдугаар байрт үнэлэгдсэн бөгөөд 200 гаруй сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. Энэхүү орлогын 35 хувийг байгаль экологийн нөхөн сэргээх ажилд зарцуулдаг ажээ. Ус ашиглаж буй албан байгууллага, аж ахуйн нэгжийг тоолууржуулснаар усны алдагдлыг бууруулах, байгаль экологийн нөхөн сэргээх ажилд зарцуулахад ач холбогдолтой гэдгийг Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас онцлон танилцуулсан юм.

Уг сургалт, уулзалт Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгээр зохион байгуулжээ. Уулзалтаар Ус ашиглалт, тоолууржуулалт, төлбөрийн гүйцэтгэл, өнөөгийн байдал, буцаан зарцуулалт, “Усны тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах чиглэлээр сүүлийн үед хийсэн гол ажлууд, үр дүн, ААН, албан байгууллагуудыг тоолууржуулсан туршлага, гарсан үр дүнгийн талаарх мэдээллийг өгч, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон тухай аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ