Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-03-04 18:47:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сайд Ч.Номин яамны харьяа байгууллагуудын удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин хэлсэн үгэндээ, “Миний хувьд ажлаа аваад нэг сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд салбарынхаа алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөгөө боловсруулав. Үндэсний бахархал, өв соёлоо дээдэлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болно хэмээн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, импортыг орлох соёлын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг олшруулахыг чухалчилж байна. Монгол өв соёл, амьдралын хэв маягт тулгуурлан шинэ санаа, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ бүхий соёлын үйлдвэрлэлийн бизнесийг дэлхий нийтэд таниулах, сурталчлах, соёлын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөөд байна.

Бүтээн байгуулалтын томоохон ажлуудаа идэвхжүүлнэ. “Чингис хаан” хаад язгууртны музей, Үндэсний номын сангийн барилгыг энэ зургаадугаар сард ашиглалтад оруулахаар, Үндэсний урлагийн их театр, Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр, Байгалийн түүхийн музейн барилгын ажлыг энэ ондоо багтаан эхлүүлж, Мэргэн Тоньюкукийн музей, Өмнөговь аймгийн үлэг гүрвэлийн музей байгуулах, үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, барилгын зураг төслийг боловсруулаад байна. Та бидний үйл ажиллагаа, бодлого чиглэл зөвхөн Соёлын яамны төдийгүй Монгол Улсын нүүр царай, өнгө төрх болох учраас ажлаа системтэй төлөвлөж, цаг тухайд тайлагнаж, харилцан уялдаатай ажиллах хэрэгтэй гэдгийг онцлов.

Үүний дараа Соёлын яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхбат Соёлын салбарын 2021-2024  төлөвлөгөөг танилцуулав. Энэхүү стратегийн зорилгын хүрэх үр дүнг дараах зорилтуудаар 2021-2024 онд хэрэгжүүлэхээр тодорхойлжээ. Үүнд:

1.    Соёлын салбарын бодлого, хөгжлийн хэтийн чиглэлийг судалгаа шинжилгээнд тулгуурлан тодорхойлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

2.    Соёлын салбарын мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, дижитал шилжилтийг хийнэ.

3.   Салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх тогтолцоог бий болгож, тэднийг дэмжих, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

4.    Бүх нийтийн соёлын боловсролын арга хэмжээг боловсруулан соён гэгээрүүлэх ажлыг идэвхжүүлж, үндэсний соёлын дархлааг нэмэгдүүлнэ.

5.    Соёлын өвийг хамгаалж, бүс нутагтаа тэргүүлэх үзүүлэлтийг нэмэгдүүлнэ.

6.    Үндэсний, сонгодог, орчин үеийн урлагийн төрлүүдийг хөгжүүлэх бодлогыг тэгш хүртээмжтэй хэрэгжүүлж, үндэсний болон олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц түвшинд хүргэнэ.

7.    Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн соёлын барилга байгууламжийг ашиглалтад оруулж, орон нутгийн соёл, урлагийн байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

8.    Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж, нийгэм эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлнэ.

9.    Соёлын бодлого ба үйл ажиллагааг бүс нутгийн болон олон улсын хэмжээнд идэвхжүүлж, олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ.

 

Уулзалтаар харьяа байгууллагууд үйл ажиллагаа болон цаашид хийх ажлын төлөвлөгөө, нөхцөл байдлаа танилцуулан, Соёлын сайдтай санал солилцож, үүрэг чиглэл авсан юм.


Холбоотой мэдээ