Хару башёгийн банцүкэг зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-01 17:21:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн банцүкэ буюу бөхчүүдийн эрэмбийг өнөөдөр /2021.03.01/ олон нийтэд зарлажээ.


Жил бүр Осака хотод зохион байгуулдаг Харү башё өнөө жил цар тахлын улмаас Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд гуравдугаар сарын 14-ний өдөр эхэлнэ. Уламжлал ёсоор хоёр ёкозүна буюу Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар зүүн, барууны манлайд бичигджээ.


Хакүхо дээд макүүчи зиндааны 100 дахь башёдоо зодоглох гэж байна. Хацү башёгийн аварга Дайэйшо цол ахиж, комүсүби цолтой анхны башёгоо эхлүүлэхэд бэлэн болжээ. Өдгөө 27 настай тэрбээр энэ оны нэгдүгээр сарын хацү башёд маэгаширагийн нэгдүгээрт жагсаж, 13 даваа, хоёр унаатай түрүүлсэн билээ.


Энэ удаагийн харү башёгийн макүүчи зиндаанд Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар башёг тэргүүлэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножёо А.Ичинноров, Хошёорюү С.Бямбасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан нарын монгол бөх зодоглоно.


Харин Жүрёо зиндаанд Кёокүшүхо Т.Эрдэнэбаатар, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд нар барилдах бол Макүшита зиндаанд Дайшёохо Ч.Шижирбаяр, Хокүтэнкай Г.Сүхбат, Сакигакэ Я.Баттүшиг, Тамашохо Э.Энхманлай, Дайтэнма Н.Чинзориг, Ёшояама Б.Анхбаяр нар хүчээ сорих юм.


Санданмэ зиндаанд Дэванорюү Т.Тэмүүлэн, Саданохикари Д.Наранцогт, Жонидан зиндаанд Кагамио Б.Нанжид, Араүма Б.Төртогтох нар барилдана. 

Холбоотой мэдээ