Цахим үйлчилгээний нэгдсэн системээр 3,5 мянган иргэн үйлчлүүлжээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-02-23 21:56:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас иргэн, ААНБ-д зориулж төрийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлж, е-mongolia нэгдсэн системийн үйлчилгээг нэвтрүүлсэн. 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт нэвтэрсэн энэхүү цахим үйлчилгээ Сүхбаатар аймагт 2020 оны 5 дугаар сарын 20-ноос эхлэн амжилттай хэрэгжиж байна.

Иргэн, ААНБ өөрт хэрэгтэй бүхий л лавлагаа мэдээллийг өөрийн регистрийн дугаар болон хурууны хээний тусламжтайгаар хаанаас ч авах боломжтой юм. 2021 оны 1 дүгээр сарын 31-ний тайлан мэдээгээр тус аймгийн 12 сумын 3,5 мянган иргэн энэхүү цахим сүлжээгээр үйлчлүүлсэн байна. Харин үлдсэн нэг сум буюу Халзан сумын оператор зориулалтын бусаар системийг ашигласан учир тоног төхөөрөмжөө хураалган, улмаар тус сумын иргэд энэхүү цахим үйлчилгээг авах боломжгүй болсон байна.

Одоогоор 23 байгууллагын 181 үйлчилгээг дээрх системээр үзүүлж байгаа бөгөөд цаашид 592 төрлийн үйлчилгээ үзүүлдэг болохоор зорин ажиллаж байна гэж аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн Ч.Осгонбат танилцууллаа. 

Холбоотой мэдээ