“Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-02-19 16:10:19

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн Эрүүл мэндийн газраас “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.

Тодруулбал, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг 8 төрлийн эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, 5 хүртэлх насны хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулж, эмчлэн эрүүлжүүлэх зорилготойгоор тус хөтөлбөрийг хэрэгжүүлсэн аж.

Хөтөлбөр хэрэгжүүлэхэд 127,5 сая төгрөгийн зардлыг аймгийн Засаг даргын захирамжаар орон нутгийн төсвөөс шийдвэрлэн, урвалж, оношлуур нийлүүлэх тендэр зарлан, сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд явуулж, эм ханган нийлүүлэх байгууллагуудаас 7 нэр төрлийн урвалж оношлуур, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авч, сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд хуваарилан, үзлэг оношилгоог зохион байгуулсан байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт 20 удаа зохион байгуулан, 1100 гаруй эмч, мэргэжилтнүүдийг хамруулан, хүний нөөцийн чадавхыг сайжруулжээ. Мөн Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан, программ хангамж нэвтрүүлэх төсөл боловсруулан, орон нутгийн санхүүжилтээр аймгийн хэмжээний 23000 гаруй 15-49 насны эмэгтэйчүүдийн онлайнд суурилсан программ хангамж нэвтрүүллээ. Түүнчлэн бүх сумын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн үндсэн мэдээлэл, 8 төрлийн илрүүлэг үзлэг, оношилгоо, жирэмсэн, төрсөн  эхчүүдийн мэдээлэл, шилжилт хөдөлгөөн энэхүү программд бүртгэгдэж байна.

Хөтөлбөр хэрэгжүүлснээр:

- Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл мэдээллийн программ хангамжийн ашиглалт 96.3%-д хүрсэн. /ЭМЯ, НҮБХАС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, ХӨСҮТ үнэлж, 3 аймгийн ЭМГ  туршлага судалсан/

-Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүд өссөн.

Үүнд:

-Эхийн эндэгдэлгүй

-Амьгүй төрөлтийн түвшин 4,66 болж өмнөх оны мөн үеэс 5,33 промилиэр, эхийн ноцтой хүндрэлийн тохиолдол 60%-р тус тус буурсан.

-Жирэмсний эрт хяналтын хувь 91,63% хүрч өмнөх оны мөн үеэс 5,49%-аар өссөн.

-Перинаталь эндэгдлийн түвшин 8,39 промиль болж өмнөх оноос 9,81 промилиэр буурсан.

-Улс, аймгуудын дундаж үзүүлэлттэй харьцуулахад жирэмсний эрт хяналтын хувь 1,4-2%-аар өндөр, перинаталь эндэгдлийн түвшин  1,9-2,9 промилиэр буурсан үр дүнтэй байна.

-Жирэмсний хяналтын чанарыг үнэлэх “Гэр үнэлгээний аргачлал”-ыг нэвтрүүлэн, амжилттай нутагшуулсан. Нийт 1660 гаруй жирэмсэн эхийг үнэлгээнд хамруулан, жирэмсэн эхчүүдийн мэдлэг, хандлага 74,6%-д хүрсэн.

-Жирэмслэхээс сэргийлэх эмийн хангалт нэмэгдэж, ЖСА хэрэглэж буй зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийн эзлэх хувь өмнөх оноос 1,6%-аар өссөн үр дүн үзүүлсэн талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ