Төрийн албаны ерөнхий шалгалтад орох иргэдийг энэ сарын 25 хүртэл бүртгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр энэ оны оны нэгдүгээр
сарын 25-наас хоёрдугаар сарын 25-ныг хүртэл төрийн албаны ерөнхий шалгалт өгөх
хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа ажээ.
Дундговь аймгийн хувьд өнөөдрийн байдлаар төрийн албанд
137 ажлын байр сул байдаг. Үүнээс 99 нь Сайнцагаанаас бусад суманд байгаа ба
суманд хамгийн их сул орон тоо байгаа юм.
Төрийн жинхэнэ албан хаагч болохын тулд ерөнхий шалгалт
өгч, нөөцөд бүртгүүлсэн байх шаардлагатай ба энэ шалгалтыг жилд олон удаа
зохион байгуулдаггүй. Тиймээс энэхүү шалгалтаар нэг талаас төрийн албаны сул
орон тоог нөхөх, нөгөө талаас төрд ажиллах хүсэлтэй иргэдийн хувьд төрийн жинхэнэ
албан хаагч болох боломжийг олгож байна.
Сонгон шалгаруулалтад оролцох иргэдэд тусгай шалгуурууд
тавьдаг. Тухайлбал, шалгаруулалтад оролцох иргэн нь Монгол Улсын иргэн, дээд
боловсролтой, Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж
шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, сэтгэцийн өвчин эмгэггүй, цэргийн алба хаасан,
тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, тэтгэвэр тогтоолгох
насанд хүрээгүй, төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халагдсан бол
уг хугацаа нь дууссан байх, эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр
нийтийн албанд ажиллах эрх хасах ял шийтгүүлсэн бол уг хугацаа дууссан байх ёстой.
Хэрэв дээрх болзлыг хангаж байгаа бол шалгалтад
бүртгүүлэх хүсэлтээ цахимаар гаргаж, төрийн албан хаагчийн анкет бусад материалыг
бүрдүүлж өгөх шаардлагатай болдог.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийг бүртгэх
хугацаа дуусахад найм хоног үлджээ.