Б.Батцэцэг: Баярын өдрүүдэд хоногт 25-35 орчим дуудлага хүлээн авч ажилласан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-02-17 16:40:49

Увс /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 103 утсанд дуудлагын тоо өмнөх үеэс хоёр дахин нэмэгдсэн байна. Иргэдийн өвчлөлийн байдал, тасгийн ачааллын талаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЯТТТ-ийн их эмч Н.Батцэцэгээс тодрууллаа. 


-Сар шинийн өдрүүдэд танай тасгийн ачаалал хэр байв?

-Энэ сарын 11-14-ний өдөр хүртэл 4 хоногийн хугацаанд аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЯТТТ-ийн хамт олон үүрэгт ажлаа хариуцлагатай гүйцэтгэж ажиллалаа. Баярын өдрүүдэд хүлээн авахаар ирж байгаа ойрын дуудлага эрс нэмэгдсэн. Энгийн өдрүүдэд хоногт 15-20 орчим дуудлага ирдэг байсан бол өнгөрөгч өдрүүдэд хоногт ирэх дуудлагын тоо хоёр дахин нэмэгдсэн. Дуудлагын тоо тогтмол 35-аас буугаагүй. Бид бүхэн дуудлага бүрт хүрч ажиллахаас гадна автомашины хөдөлгөөнийг хориглосонтой холбогдуулан зайлшгүй нөхцөлд түргэн тусламжийн машиныг дайчлах, зарим үйлчлүүлэгчдийг гэрт нь хүргэх, очиж авах зэргээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэж ажилласан.

-Хөл хориотой эдгээр өдрүүдэд иргэдийн дунд өвчлөл хэр байсан бэ?

-Баярын өдрүүдэд иргэдээс ирэх дуудлагын тоо нэмэгдсэн ч өмнөх жилүүдтэй харьцуулбал харьцангуй тайван, ачаалал багатай байлаа. Өвчлөлийн тухайд артерийн даралт ихсэх, хоол боловсруулах системийн гаралтай өвчлөл, мөн архины хордлого цөөнгүй гарсан. Осол гэмтлийн шинжтэй 2-3 удаагийн ойрын дуудлага ирсэн нь архины хэрэглээтэй холбоотой байсныг эс тооцвол энэ жил хавтгайрсан архидалтаас хамааралтай өвчлөл, осол гэмтэл эрс буурсан байна. Харин ахмад настай хүмүүсийн дунд зүрх судасны өвчлөл нэлээд ажиглагдлаа.

-Иргэд эмнэлгийн байгууллагад хандахдаа юунд анхаарах вэ?

-Нэг үеэ бодвол иргэдийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх соёл, хандлага дээшилсэн гэж хэлж болно. Зайлшгүй шаардлагатай нөхцөлд л эмнэлэгт биечлэн хандах, дуудлага өгдөг болсон байна. Өмнө нь хэрэгцээгүй үед дуудлага өгдөг, жаахан удах үед бухимдах зэргээр тасгийн ачааллыг нэмэгдүүлдэг байлаа. Харин одоо даралт ихэссэн бол даралтын эмээ уугаад буухгүй бол дуудлага өгөх зэргээр  үйлчилгээнд ахиц гарч байна.

-Бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл хэр байна?

-Цар тахлын нөлөөтэй энэ жил сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласан. Өмнөх жилүүдэд бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл газар авч нийт дуудлагын 50 хувийг хүүхэдтэй холбоотой өвчлөл эзэлдэг байсан. Энэ жил зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдийн дунд амьсгалын замын өвчлөл эрс буурсан үзүүлэлттэй байна. Цаашид иргэд маань нэн түрүүн цар тахлаас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөх, зайлшгүй шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх нь чухал гэдгийг зөвлөе.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ