Сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-02-10 14:57:19

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн Засаг даргын  2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн дугаар А/89 захирамжаар энэ сарын 11-23-ны хооронд сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана гэж аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Тодруулбал, Нийслэл хотод энэ сарын 11-23-ны хооронд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн, хүнс барааны татан авалт, өвс тэжээл, шатахуун, хүнсний тээврийг зохих журмын дагуу аймгийн Шуурхай штабын   70275450 утсаар чиглэл авч хөдөлгөөн үйлдэх боломжтой аж. Мөн дамжин өнгөрч буй бусад аймаг, орон нутгийн иргэдийг сумын төвд зогсоохгүй, худалдаа үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх арга хэмжээг авч түүнд хяналт тавих, Улаанбаатар хотоос хязгаарлалтын дэглэмд ороод ирж буй иргэдийг гэрийн ажиглалтад байлгаж, тусгай GPS программыг сум руу нэвтэрч буй иргэн бүрийн гар утсанд суулган хяналт тавих, Хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтныг тухай бүрт нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу арга хэмжээ тооцон ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Холбоотой мэдээ