Израил Сирид агаарын цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-02-04 16:10:20

ДАМАСК. /SANA/. Пүрэв гарагт шилжих шөнө Израилын Агаарын цэргийн хүчин Сирийн өмнөд нутагт цохилт өгсөн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.  


Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин өмнөд нутаг руу харвасан бараг бүх пуужинг амдан сөнөөсөн гэж SANA агентлаг мэдээлсэн байна.


“Step News Agency” агентлагийн мэдээлж буйгаар, агаарын цохилтод Сирийн цэргүүд, Ираныг дэмжигч цэрэгжсэн бүлэглэлүүдийн хяналтад байгаа байгууламжууд болон нийслэл Дамаск хотын нисэх онгоцны буудал өртжээ.


Үүний зэрэгцээ “The Jerusalem Post” сонинд Иранаас Израиль, Ливан руу зэвсэг ачуулж болзошгүй тухай мэдэгдсэний дараахан цохилт өгсөн гэж мэдээлсэн байна.


Түүнчлэн цохилтын бай нь Ливаны “Хезболлах” бүлэглэлийн дайчдын Сири дэх байрлал байсан байж магадгүй гэж мэдээлж байна. Үүнээс гадна, “Al Arabiya” сувгаар мэдээлж буйгаар, агаарын цохилтын түгшүүрийн дохио шинжлэх ухаан-судалгааны төвүүд байрладаг Дамаск хотын дүүрэгт дуугарчээ.


Израилын цэргийнхэн дээрх мэдээлэлд тайлбар өгөөгүй байна.


Холбоотой мэдээ