Улаанбуудайг ХАА-н биржээр дамжуулан арилжина

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-02-04 15:32:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбуудайг ХАА-н түүхий эд, бараа бүтээгдэхүүний биржээр дамжуулан арилжих ажил зохион байгуулна. Энэ тухай ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Монголын тариаланчдын үндэсний холбооныхонтой уулзахдаа  мэдэгдэв. 


Улаанбуудайн арилжааг биржээр дамжуулан явуулснаар тариаланч өөрөө үнээ тогтоох боломж бүрдэх юм. Түүнчлэн чанарын шаардлага хангасан улаанбуудай авахын тулд "Хөдөө аж ахуйг дэмжих сан"-гийн агуулахыг ашиглах нь зүйтэй бөгөөд энэ чиглэлд цогц шийдэл гарган ажиллах нь чухал болохыг ХХААХҮ-ийн сайд онцоллоо.

Монголын тариаланчдын үндэсний холбооноос газар тариалангийн бүтээмжийг нэмэгдүүлэх, энэ салбарын хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр салбарын сайдад хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ уламжилж, бодлогын дэмжлэг хүсэж буйгаа илэрхийлэв. 

Уулзалтад ХХААХҮЯ-ны Бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат нар оролцов.

 

Мөн тариалан эрхлэлттэй холбоотой бас нэгэн чухал асуудал болох хөрс, үрийн асуудалд анхаарч хөрсөндөө үржил шим өгөх, ХАА-н техникийн элэгдэл тооцох хугацааг багасгах, хүнсний агуулах ложистикийн төв байгуулах төслийн ажлыг хурдасгах, Монголбанк болон Хөгжлийн банкны санхүүгийн эх үүсвэрээс тариаланч нарт олгоход яамнаас анхаарч бодлогоор дэмжин, цаашид Монголын тариаланчдын үндэсний холбоотой нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. 


Холбоотой мэдээ