Монголд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд ТИКА хувь нэмрээ оруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-02-03 15:35:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлаг ТИКА Монгол Улсын газар тариалангийн салбарыг тэр дундаа хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, ажилгүйдлийг багасгах, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд 2020 онд Монголын Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоонд 400 метр квадрат хэмжээтэй, мананжуулсан усалгааны систем, халаалтын болон агааржуулалтын системийг иж бүрнээр нь өвлийн хүлэмжийг БНТУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулж өгөв. Монголын Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо нь 2012 онд Монгол Улсад хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд иргэд, ААН-д хүлэмжийн чиглэлээр сургалт, зөвлөгөө өгөх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлж байна. 

Монголын хүлэмжийн салбарын аж ахуй нэгж, иргэд нэгдсэн үр, үрсэлгээний бодлого байдаггүйгээс хүлэмжийн аж ахуй эрхлэгчид тус тусдаа хүлэмждээ олон төрлийн үрээр үр үрсэлгээ хийж цаг хугацаа алдаж, зардал их гаргадаг. Энэ нөхцөлд ТИКА-гийн төсөл хэрэгжиж хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн зардлыг багасгах, цаг хугацаа хэмнэх зорилгоор үр үрсэлгээний нэгдсэн төв байгуулах үүднээс өвлийн хүлэмжийг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөв. Монголын Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооны зүгээс цахилгаан, дулааны шугам татах, усан хангамжийн ажлыг хийж гүйцэтгэн ТИКА-тай хамтран ажиллажээ. 



Энэ талаар Монголын Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Эрхэмбаяр хэлэхдээ, "Бид 2020 онд ТИКА-д хандаж төслийн саналаа хүргүүлсэн. ТИКА маш богино хугацаанд бидний төслийн саналыг хүлээн авч энэхүү төслийг хэрэгжүүлж, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг маань тулгамдсан асуудлыг шийдэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. ТИКА болон Туркийн ард түмэнд нийт Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид, иргэдийнхээ өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье" гэсэн юм. 

ТИКА байгууллагын тусламжаар Монголын Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооны гишүүн "Сэмжит-Оюу" компани 100 гаруй сая төгрөгийн стандартын өвлийн хүлэмжтэй болоод байна. Хүлэмжийг дотоодын "Ногоон харш" компани ТИКА-гийн зардлаар барьжээ. Бид "Сэмжит-Оюу" компанийн хүлэмжтэй танилцах үеэр тус компанийн захирал, агрономич Ц.Оюунгэрэлтэй уулзаж тодруулав. 




-Танайх ТИКА-гийн тусламжид хэрхэн яаж хамрагдав. Хүлэмжийнхээ талаар танилцуулна уу?

-Манайх Монголын Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооны гишүүн аж ахуй. Манай холбоо ТИКА-тай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд манайх 40 метрийн урттай, 400 метр ам дөрвөлжин талбайн хүлэмжтэй болоод байна. 

Ер нь хүлэмжтэй болоход анхны хөрөнгө оруулалт өндөр өртөгтэй байдаг. 100 метрийн хүлэмж барихад 130-140 гаруй сая төгрөг ордог. 

Хүлэмжийн аж ахуйн хувьд бид цахилгаа, дулаан зэрэг дэд бүтцээ өөрсдөө байгуулж, хүлэмжийн барилгыг ТИКА-гаас барьж өгсөн. Бид өвлийн хүлэмжтэй болсноор жилийн 4 улирал хүнсний нарийн ногоо тарих боломжтой болсондоо баяртай байгаа. Жилдээ 2-3 ургац авч байна. Нарийн ногоонуудыг үрслүүлэн тарьж байна. 


-Энэ яг ямар стандартын хүлэмж вэ? Хүлэмжийн аж ахуйн шаардлага, анхаарах зүйлүүд юу байдаг вэ?

-Энэ бол БНХАУ-ын "Нарлаг" хүлэмж юм. Үүнийг бид нэг ёсондоо эх орондоо нутагшуулж байна. Өвлийн тариалалтыг туршиж үзээд болж байна. Өнгөрсөн 11 дүгээр сараас хойш одоо бид навчит ногооны 2 дахь ургацаа авах гэж байна. Манайх төвийн дулааны системд холбогдсон аж ахуй. Тиймээс байнгын дулаантай байдаг учир хүлэмждээ дулааныг тохируулах шаардлагатай байдаг. Үүнийг узель-ээр тохируулж байна. 

Ер нь өвлийн хүлэмжид ногоогоо тариалах, хураан авах хугацааг нарийн тооцох хэрэгтэй байдаг. Дээр хэлснээр 11 дүгээр сараас хавар 3 дугаар сар хүртэлх хугацаанд ургацаа хураан авахаар тооцох шаардлагатай. Ингэж байж л үнэ өртөгөө нөхөхөд ойртоно гэсэн үг. Гол нь агротехникээ зөв баримтлах хэрэгтэй. Мөн зөв барьсан барилга байгууламж чухал. 


Монголын Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо нийслэл, орон нутгийн 30 ААН, 300 гаруй хувь хүмүүсийн гишүүнчлэлтэй. Монголын хүлэмжийн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа тул хүлэмжийн аж ахуй эрхэлдэг жижиг, дунд үйлдвэрлэгч, иргэдэд дэмжлэг нэн чухал байна. 





Ц.Оюунгэрэл: Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлвэл бид нарийн ногоогоор дотоодын хэрэгцээний 40-50 хувь хангах боломжтой


-Энэ жил нарийн ногооны борлуулалт хэр байна? 

-Сайн байгаа шүү. "COVID-19"-ийн халдварын хөл хориотой холбоотойгоор хил, гааль хаагдсан учир хүнсний нарийн ногооны эрэлт хэрэгцээ дотоод зах зээлд их байлаа. Ногоогоо сайн борлуулж байна. Хэдий сайхан хүлэмжтэй болоод их тарилаа ч гэсэн хүнсний нарийн ногоо тариалдаг дотоодын ААН-үүд цөөн, дийлэнх нь хүлэмжгүй болохоор бид хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй л байна. Олон аж ахуйн нэгж манайх шиг ийм хүлэмжтэй болчихвол бид дотоодын зах зээлийнхээ 40-50 хувийг хангаад явах боломжтой. 

Энэ жилийн хувьд бас төр, засгаас цахилгаан, дулааны тариф, төлбөрийг хөнгөлж чөлөөлж байгаа нь их дэм болж байна. Гэхдээ бид алийн болгон юм "нэхэх вэ", гол нь дотоодын ААН-үүдээ татвараар болон эргэлтийн хөрөнгөтэй болгох зэргээр бодлогоор дэмжмээр байна. Тэгвэл болоод явчихна гэв. 

Эднийн нэг ёсондоо эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд өвлийн хүлэмж барьж ашиглах нь хэр үр дүнтэй болохыг нэг талаар туршин харуулж байна. 



Бид тус компанийн хүлэмжийг барьсан "Ногоон харш" ХХК-ийн захирал Б.Зоригсайханаас мөн зарим зүйлийг тодруулав. Тэрээр, "Манайх шиг хүйтэн сэрүүн хугацаа урт байдаг газар өвлийн хүлэмж ашиглахад гол анхаарах зүйл нь барилга байгууламжид байдаг"-ийг онцолж байв. Хүлэмжийн барилга байгууламжийг буруу барьснаар ургац алдах, хураан авч чадахгүйд хүрдэг байна. Тиймээс энд мэргэжлийн байгууллагууд оролцох учиртайг хэлэв. 

Өвлийн хүлэмжид нарийн ногоо, ургамал ургуулж тарихад гол нөлөөлдөг хүчин зүйл нь мөн халуун, дулааны нөхцөл байдаг. 


Тиймээс өвлийн хүлэмжийг дулаан хадгалдаг, зузаан бат бөх материалаар барьдаг байна. Дулаан дамжуулах чанартай материал хэрэгтэй байдаг учир материалын сонголт чухал аж. 

Мөн манайд нарны тусгалыг буруу тооцоолж хүлэмж барьдаг гэнэ. Дулаан материал буюу хүлэмжийн "хөнжил"-ийг нээхэд шууд дулаан орж ирж байхаар нарны чиглийг тооцоолж барих ёстойг тэрээр хэлж байв. Учир нь ингээгүйгээс нарны тусгалд гүйцэд халахгүй байсаар хүлэмж доторх хөрс хөрч ургамал ногоо ургах нөхцөлгүй болох жишээний аж. 


Тодруулга: "Сэмжит-Оюу ХХК нь хүлэмжийн өргөст хэмх, улаан лооль, навчит ногоо тариалж, “Жимс, жимсгэнэ, хүнсний ногооны үйлдвэрлэлд зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар”-ын шаардлагыг хангаж ХХААХҮЯ-наас гэрчилгээ авчээ. 

Гэрэл зургуудыг Б.Чадраабал


Холбоотой мэдээ