Буриадад вакцин хийх газрын тоог нэмж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-01-31 16:00:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад батлагдсан коронавирус халдварын тохиолдол бямба гарагт 155 хүнээр нэмэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 30417 болов. Энэ нь өнгөрсөн 7 хоногийнхоос 2569 тохиолдлоор нэмэгдсэн дүн юм. 


Нийслэл Улаан-Үд хотод нь  өнгөрсөн 24 цагийн байдлаар 78 хүн бүртгэгдсэнээр нийт халдварын тохиолдол нь  16248  боллоо. Энэ нь өмнөх 7 хоногоос 391-ээр нэмэгджээ. 173 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 27848 болоод байна. Өчигдөр халдвараар 2 хүн нас барсан бөгөөд тус бүс нутагт коронавирусний халдварын тархалт эхэлснээс хойш 663 хүн эндсэн дүн мэдээтэй байна. Эндсэн хүний тоо өнгөрсөн 7 хоногийнхоос 13-аар нэмэгджээ. Тэгвэл ОХУ-ын Эрхүү хотод өнөөдрийн байдлаар коронавирусний бүртгэгдсэн тохиолдол 261-ээр нэмэгдэж, 48.8 мянган хүн болсон бөгөөд нийт эмчлэгдсэн хүний тоо 43.5 мянга байна. Өнгөрсөн хоногт халдвараар 11 хүн нас барснаар энэ үзүүлэлт 1876-д хүрээд байна. 

Зураг дээр: Эрхүү муж дахь халдварын нөхцөл байдлыг графикийг дэлгэв.



ОХУ энэ онд нийт хүн амын 60 хувийг вакцинд хамруулахаар зорьж буйг ЭМЯ, Хэрэглэгчийн хяналтын газраас мэдэгдэж буй. Вакцинжуулалт нийслэл Москва хотоос гадна бүс нутгуудад нэгэн зэрэг эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-наас эхэлсэн вакцинжуулалтад эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууд, өндөр настан, архаг хууч өвчтэй зэрэг бүлгийн хүмүүсийг хамруулж буй бол дараагийн шатанд үйлчилгээний байгууллагын ажилтнууд, цэрэг, армид, улмаар олныг хамарсан бүх нийтийн вакцинжуулалт эхэлж байна. 


Энэ 1 дүгээр сарын сүүл гэхэд ОХУ-д 2.1 сая тун вакцин бэлэн болоод байна. Намрын тахлын улирал эхлэх үе гэхэд сүргийн дархлаа суусан байхуйцаар коронавирусний вакцинжуулалтыг зохион байгуулах ёстойг мэдэгдэж байна. Москвад "COVID-19"-ийн вакцинжуулалтад хамрагдах хүмүүсийн хүрээг тэлж, IT, үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлалын салбарт ажиллагсад, эрдэмтэд болон хувийн нийтийн үйлчилгээний салбарынханд вакцин хийж эхэлжээ.


Одоо худалдаа, соёл, үйлдвэрлэл, эрчим хүч, хэвлэл мэдээлэл, тээврийн салбарынхан, үйлчилгээний төвүүдийн ажилчид вакцинд хамрагдах боломжтой болжээ. Үүнээс гадна сайн дурынхан, шашны байгууллагынхан, барилгын ажилчид, коллеж, их сургуулийн 18-аас дээш насны оюутнууд хамрагдаж байна. ОХУ-д бүх мужид коронавирусний вакцин хийх газруудын тоог нэмж байна.


Холбоотой мэдээ