Засгийн газрын гишүүдийг өнөөдөр УИХ-д танилцуулж, тангараг өргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-01-29 11:25:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэнэ.


Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг УИХ-д хүргүүлж, улмаар чуулганаар баталсан юм. Үүний дагуу МАН-ын УЗ болон Бага хурлаас Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж, энэ сарын 27-нд томилсон. Улмаар өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр мэдээлэв.


Мөн Удирдах зөвлөлийн хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн 20 гаруй гишүүн оролцдог тул чуулганы үдээс өмнөх хуралдааныг түр завсарлуулах хүсэлт гаргасныг УИХ-ын дарга хүлээн авлаа.


Ташрамд дурдахад, Засгийн газрын гишүүдийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж, тангараг өргүүлэхээр төлөвлөсөн юм. Үүний дараа УИХ-ын ээлжит чуулганыг хаана.

Холбоотой мэдээ