Цагаан ордны ажилтнууд вакцин хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-01-27 15:42:34

НЬЮ-ЙОРК. /CNN/. Мягмар гаргийн оройны байдлаар Цагаан ордны хэдэн зуун ажилтан коронавирусний вакцин хийлгээд байна гэж CNN телевиз АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаан дахь хоёр эх сурвалжаас иш татан мэдээлжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, вакцинд хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь Цагаан ордонд ажил үүргээ гүйцэтгэж байгаа захиргааны ажилтнууд аж. Үүний зэрэгцээ алсаас ажиллаж буй ажилтнуудыг вакцинд хамруулж эхэлжээ. Ойрын долоо хоногуудад Цагаан ордны бүх ажилтныг вакцинд хамруулна гэж CNN-ийн эх сурвалжууд мэдээлсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-нд коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн бол энэ оны нэгдүгээр сарын 11-нд хоёр дахь тунг тариулсан билээ. Тус улсын дэд Ерөнхийлөгч Камала Харрис мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан бөгөөд хоёр дахь тунг мягмар гарагт хийлгэсэн юм.


Жонс Хопкинсийн Их сургуулийн мэдээлснээр, АНУ-д 25.4 сая гаруй хүн халдвар авч, 425 мянга гаруй хүн нас баржээ.  


Холбоотой мэдээ