Нас баралт буурсан ч 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-01-19 12:42:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЭМГ-ын мэдээлснээр 2020 оны жилийн эцсийн байдлаар 889 эх амаржиж, нийт 896 хүүхдийг эсэн мэнд эх барьж авчээ.  Төрөлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 54-өөр буурсан байна.

Харин нас баралтын 250 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 тохиолдлоор буурсан аж. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл, хорт хавдрын улмаас 58 хүн нас барж, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл ес бүртгэгдлээ. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт нас баралтын тоо буурсан хэдий ч бага насны хүүхдийн эндэгдэл гурван тохиолдлоор нэмэгдсэн байна.

2020 онд аймгийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн тоо нэмэгдэж, харин хэвтэн эмчлүүлэгсдийн тоо буурсан байна. Жилийн эцсийн байдлаар 183,866 удаагийн амбулаторийн үзлэг бүртгэгдсэн ба түүнээс 29.7 хувийг урьдчилан сэргийлэх үзлэг, 49.6 хувийг өвчний улмаас ирж эмнэлэгт хандсан иргэд  эзэлж байгаа юм. Харин 10 061 иргэн хэвтэн эмчлүүлсэн нь өмнөх оны үзүүлэлтээс 803-аар буурсан дүнтэй байна.

Тус аймгийн хэмжээнд бүртгэгдсэн нийт өвчлөлийн тоо нэмэгдсэн ч сүрьеэ, салхинцэцэг гэх мэт халдварт өвчний гаралт буурсан байна. Нийт 34,699 өвчлөл бүртгэгдсэн нь 2020 оны мөн үеийнхээс 673-аар нэмэгдсэн бол халдварт өвчний 308 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 21.2 хувиар буурчээ.                                                                  5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгааныг тодруулахад ургийн халдвар, хатгалгаа, төрөлхийн гажигтай төрсний улмаас нас барсан байна. 

Холбоотой мэдээ