"Өндөрхаан" СӨХ иргэддээ нээлттэй ил тод ажиллана

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-01-19 11:52:09

Хэнтий /МОНЦАМЭ/  Хэрлэн сум "Өндөрхаан" СӨХ-г 2018 оны тавдугаар сарын  нэгнээс үйл ажиллагааг нь шинэчлэн зохион байгуулж ажиллуулж эхэлсэн.

Ингэснээр тус СӨХ Чингис хотын 44 байранд 12 үйлчлэгч, нэг менежер, нэг данс хөтлөгч, нэг цахилгаанчин гэсэн орон тоотой, нийт 15 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч, "Өндөрхаан" СӨХ-ны ТУЗ-ын дарга М.Шүрэнцэцэг өнөөдөр СӨХ-ны дарга, данс бүртгэгч нартай уулзалт хийлээ. Энэ үеэрээ, "Өндөрхаан" СӨХ-ны үйл ажиллагаа, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил үйлчилгээ, санхүүгийн нөхцөл байдал зэргийг тодорхой мэдээлж, цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар нийтэд мэдээллээ.

Тухайлбал, 2018 оноос хойш аймгийн болон сумын төсвийн хөрөнгөөр насжилт өндөртэй 27 байрны орцыг засварлан тохижуулсан байна. Мөн 2019 онд дээврийн засвар, 2020 онд гадна пасадны засвар зэрэг нийтдээ сумын төсөв, аймаг, сумын ОНХС-гийн хөрөнгөөр 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг зохион байгуулж ажилласан байна.

2021 онд "Өндөрхаан" Сууц өмчлөгчдийн холбоо нэртэй албан ёсны фэйсбүүк хуудсыг ажиллуулж, өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллийг оршин суугчдадаа хүргэж хэвшээд байна.

Өнөөдөр "Өндөрхаан" СӨХ 2018-2020 оны орлого, зарлага, төлбөр хураамжийн санхүүгийн нөхцөл байдлынхаа талаар мэдээллээ. Тус хугацаанд СӨХ-ны төлбөр хураамж оршин суугчдаас нийт төлбөл зохих 365 сая 211 мянган төгрөгөөс 99 сая 371 мянган төгрөг төлөгдсөн гэв.Цаашид "Өндөрхаан" СӨХ-ны санхүүгийн мэдээллийг нээлттэй болгож, албан ёсны фэйсбүүк хаягаараа оршин суугчдадаа сар бүр орлого, зарлагын талаар мэдээллийг хүргэж хэвшүүлэх, мөн оршин суугчдаа хаалгаар нь дугаарлаж, тухайн дугаараар төлбөрөө төлсөн эсэхийг мэдээлж байхаар боллоо.

Мөн цар тахлын хорио цээрийн дэглэм цуцлагдаж, цаг үе хэвийн болохоор "Өндөрхаан" СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж, СӨХ-ны ТУЗ-ийг шинэчилж, ТУЗ-ын дэргэд СӨХ-ны Хяналтын зөвлөлийг байгуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн төлбөр хураамж, үйлчилгээ, оршин суугчдын үүрэг хариуцлага, ухамсар хандлагын талаар хэрхэн зохион байгуулалт хийж ажиллах талаар тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэж, шинэ гарц гаргалгааг гаргаж, ажлаа цэгцтэй зохион байгуулахаар зорьж байгаа ажээ.

Хяналтын зөвлөл нь СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах юм.

Холбоотой мэдээ