Д. Баярхүү: Монгол-Америкийн харилцаанд Ж.Байдены үед дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэдхэн хоногийн дараа АНУ-ын шинэ ерөнхийлөгч Ж.Байдены тангараг өргөх
ёслол болно. Үүнтэй холбогдуулан хөрш орнуудын харилцааны өнөөгийн
байдлын талаар олон улс судлаач Д.Баярхүүтэй ярилцлаа.
-Өнгөрсөн 2020 оны Монгол Улсын гадаад бодлогыг хэрхэн дүгнэж
байна, энэ онд явуулах гадаад бодлогын чиг хандлагыг хэрхэн төсөөлж байна вэ?
Хэдийгээр даян дэлхийг Ковид гэх энэ цар тахал бүрхээд улс орнууд гадаад харилцаагаа хумьж багасгасан боловч Монгол Улс олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, идэвхтэй гадаад бодлогоо тасралтгүй явуулсаар ирлээ. Цахим ертөнцөд гадаад харилцаа зогсдоггүйг ч харуулж чадлаа. Олон улсын хурал зөвлөгөөнд цахимаар оролцоод, хоёр талын зөвлөлдөх уулзалтаа цахимаар явуулаад болж байна. 2020 он хэдийгээр манай улс төрийн амьдралд онцлогтой, УИХ-ын сонгуулийн жил байсан, шинэ УИХ-аа сонгосон, шинэ Засгийн газар байгуулагдсан зэрэг дотоодын хүчин зүйл гадаад бодлогод нөлөөлсөнгүй. Гадаад харилцаа саатсан, зогссон гэх нэг ч зүйлийг бид олж үзсэнгүй. Иймд 2020 оны гадаад бодлого үр дүнтэй хэмээн үзэж байна.
Харин 2021 оны тухайд Ковидтой хийх тэмцэл
цаашид үргэлжилнэ. Нэгэнтээ цар тахалтай тулгарсан, шинэ шинэ сорилт буй болсон
зэрэг нь гадаад харилцааг хязгаарлахад хүргэх боловч гадаад бодлого саатаж
саарахгүй, энэ тухайд би өөдрөг үзэлтэй байна. Гадаад айлчлалууд,
бодитой гадаад хамтын ажиллагаа, гадаад худалдаа хязгаарлагдмал нөхцөлд
үргэлжлэх болно.
-Одоогоор цаг хугацааг Ковидын өмнө, цар тахлын үеийн, ковидын дараа гэж гурав ангилж
болох мэт. Ковид дэлхий нийтэд тааварлашгүй тодорхой бус нөхцөл байдлыг үүсгэж
байна. Энэ үед Монгол Улсын хэрхэн өөрчлөгдөх бол?
Гадаадын судлаачдын үзэж байгаагаар энэ Ковид лав 3-4 жил үргэлжилж мэдэхээр байна. Одоо бидэнд тулгараад байгаа хөл хорио, хязгаарлалт, магадгүй тэг зогсолт ойрын хэдэн жилдээ биднийг ээрч мэднэ. Энэ бүхэн манай улсын хөгжил, гадаад харилцаанд нөлөөлнө. Тэглээ гээд бид урагш харж ирээдүй рүү тэмүүлж, тавьсан зорилго зорилтоосоо няцахгүй байх учиртай.
Монголын геополитик гэдэг маань манай гадаад орчны хувьсал гэж ойлгож байна.
Хоёр хөрш, бүс нутаг, мөн манай гуравдагч хөршүүд, дэлхийн хамтын нийгэмлэг
бүгд л Ковидын үеийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан бодлого үйл ажиллагаагаа
явуулж байна. Дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтөнд тулгарсан хамгийн том
сорилт бэрхшээл хэмээн түүнийг үзэж байна. Тэр хэрээр манай гадаад орчинд
өөрчлөлт гарах байх. Түүнд л бид бэлэн байх, шинэ нөхцөлд хурдан дасаж түүний
чиглэлийг өөртөө ашигтай эргүүлэхийн төлөө зүтгэх нь зөв биз ээ.
-Манай улсын хоёр том
хөрш Хятад, Оросын харилцааг хэрхэн үзэж байна вэ? Дээрх том гүрнүүдийн харилцаа Монгол Улсад хэрхэн
нөлөөлж байна?
Хоёр хөрш орны харилцаа хамгийн тааламжтай үедээ байна.
Улс төрийн харилцаа нь бүрэн итгэлцсэн, сайн хөршийн түншийн харилцаа болж
бэхэжсэн. Худалдаа-эдийн засгийн болон бусад салбарын харилцаа эрчимтэй хөгжсөн,
тэр хэрээрээ манай улсад ашигтайгаар нөлөөлөх бодит хөрс бүрдсэн гэж үзэж
байна. Гурван улсын эдийн засгийн коридор буй болгож, гурван улс эдийн засгийн
талаар хамтран ажиллах улс төрийн хөрс суурь бэлээхэн байгаа. Харин түүнийг
эдийн засгийн жинхэнэ утгаар нь буй болгож, харилцан ашиг хүртэж хамтран ажиллах
нь чухал байна. Үүнд энэ цар тахал таагүй нөлөө үзүүллээ. Мөн манай
улсын эдийн засгийг Гурван улсын эдийн засгийн коридорын хамтын ажиллагаанд
бэлтгэх явдал биднээс шалтгаалж байгааг даруй засаж залруулаасай гэж үзэж байна.
-Хоёр хөршийн АНУ-тай харилцах харилцаа Монгол Улсад хэрхэн нөлөөлж байна вэ?
Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд хоёр хөрш,
мөн АНУ, Япон гээд цаашаа жагсаж байгаа шүү дээ. Хоёр хөршөөс АНУ-тай хэрхэн
харилцаж, ямар зөрчил оршиж байгааг бид сайн мэднэ. Тэр бүхэн дээр аль алиных
нь талд зогсохгүй төвийг сахисан байр сууринаас харилцаж байгаагаа бид бас сайн
мэднэ. Монгол-Америкийн харилцаа хоёр хөршид халгаатай тусах, эсвэл хоёр
хөршийн эсрэг АНУ-ын бодлогод Монголыг ашиглах вий гэдэг тийм болгоомжлол хоёр
хөршид байхыг үгүйсгэхгүй. Гэвч манай олон тулгуурт, энхийг эрхэмлэгч гадаад
бодлогод хоёр хөрш итгэж, харилцааг эвгүй байдалд оруулахгүй явж ирснийг ч бид
онцлон тэмдэглэх учиртай юм. Аль алинтай нь муудалцахгүй, нэг талыг нь дагаж
туйлшрахгүйгээр Монгол Улс гадаад бодлогоо явуулж ирлээ.
-Ж.Байден тун
удахгүй АНУ-ын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх гэж байна. Тус улс шинэ
ерөнхийлөгчтэй болсноор Монгол-Америкийн харилцаанд ямар өөрчлөлт гарах бол? Ялангуяа
эдийн засгийн хамтын ажиллагааны тал дээр...
Одоогоор хэлэхэд эрт байна. АНУ-ын гадаад бодлого үндсэн
зарчмаасаа гажихгүйгээр үргэлжлэх биз ээ. Монгол-Америкийн
харилцааны тухайд дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна. “Монгол
Улс-Америкийн Нэгдсэн Улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай” тогтоолын
төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын чуулганаар 2020 оны намар баталсан.
АНУ-ын Конгресст өргөн бариад буй “Гуравдагч хөршийн худалдааны тухай
хууль”-ийн төслийг хэлэлцэх үйл явц удахгүй дуусах биз. Тэгэхлээр хоёр орны
эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ эхлэл тавигдана гэж үзэж болох юм. Манай
улсын оёмол сүлжмэл эдлэлийг тэр хуулийн дагуу АНУ руу экспортолж таарна.
Эргээд Монгол-Хятадын харилцаа руу оръё. Ковидын үеийн хоёр орны харилцаанд,
ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга хоёр орны иргэд хоорондын
харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд түлхэц болсон гэж үздэг. Энэ талаарх таны
бодол...?
БНХАУ-д коронавируст цар тахал дэгдсэнээс хойш тус
улсад албан ёсоор айлчилсан гадаадын орны анхны төрийн тэргүүнээр Х.Баттулга
тодорсныг онцлон тэмдэглэмээр байна. Тэрээр цар тахалтай тэмцэхэд нь өмнөх
хөршдөө 30 мянган толгой хонь хандивлах санал тавьж, БНХАУ “Covid-19”-тэй тэмцэхэд нь
дэмжлэг туслалцаа үзүүлж, Монголын ард түмнээс
хандивласан сэтгэлийн бэлгийг тэрээр түүчээлсэн. Хандив өргөх
үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, цар
тахал дэгдэх хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн
хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж, Монголын ард
түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж,
БНХАУ-ын талд хандивласан ба мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард
түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаа нь мөнгөн дүнгээс илүүтэй хоёр
улсын гүн бат харилцааг хэмжих юм гэсэн билээ. БНХАУ-ын хэвлэлүүд, телевизүүд “Үнэхээр
гайхалтай үйл явдал болж байна” хэмээн онцлон бичиж байсныг энд онлцон дурдах
нь зөв биз ээ.
-Ковидын үеэр олонх улсын эдийн
засгийн өсөлт буурсан үзүүлэлттэй гарсан. Зөвхөн Хятадынх л хэвийн өсөлттэй
гарсныг мэдээллээс харлаа. Харин манай улсын эдийн засгийн бүх үзүүлэлт буурсан.
Том зах зээл бүхий энэ хөрштэйгөө эдийн засгийн хамтын ажиллагааг хэрхэн нэмэгдүүлбэл
илүү үр дүнтэй байх бол?
Дэлхий нийтийг нэрмэсэн цар тахал шүү дээ. Яг үнэндээ бол, манай зүгээс Хятадын асар их боломжийг (хязгааргүй том зах зээл, худалдан авагчид, солонгорсон бөгөөд хурдтай эдийн засаг) туйлын хангалтгүй ашиглаж ирсэн хэмээн би шүүмжлэлтэй ханддаг. Хятадтай хийж буй улсын хэмжээний том худалдаа гэвэл уул уурхайн бүтээгдэхүүн. Эдүгээ бид Хятад руу нүүрс ба алтаа түүхийгээр нь гаргадаг. Ноолуур, арьс шир, зэс гаргаж байна. Манай зүгээс экспортод гаргадаг “ITEM” ингэсгээд зогсчихно.
Манайд боловсруулах
үйлдвэр, аж үйлдвэр бүр илт дутагдаж байна. Газар дээрх ба доорх баялгийн
түүхий эдээ гадаадын тэргүүний технологиор боловсруулж экспортод гаргах
хамтарсан үйлдвэрүүд илт үгүйлэгдэнэ. Хэрэв бид нэмүү өртөг шингээж технологийн
хувьд шинэчлэх, хоёр том хөршийн зах зээл рүүгээ экспорт хийх, нэмүү өртөг
шингээж чадах аваас Монголын экспортын бүтээгдэхүүний үнэ өснө.
Хятадын удирдагч Ши Жиньпин 2018 онд дэлхий дахин руу хандуулж “Хүн
төрөлхтний хувь заяаны хамтын цогц” зэрэг санаачилга дэвшүүлэхдээ “БНХАУ
ганцаараа хөгжихийг хүсэхгүй, харин хөрш орнуудтайгаа хамтдаа хөгжихийг хүснэ, танайд
ашигтай, бидэнд алдагдалгүй бол хамтарч ажиллахад бэлэн байна” гэсэн уриа
түгээсэн. Чухам тэр уриаг л манай улс шүүрэн авч өөртөө ашигтай хамтын
ажиллагаа явуулах ёстой. Иймд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа Монголд ашигтай тусах эсэх
нь зөвхөн монголчуудаас шалтгаалж байна.