УИХ-ын гишүүдэд зориулсан ХАСХОМ мэдүүлэх сургалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-18 17:54:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүдэд зориулсан "Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг /ХАСХОМ/ гаргах нь" сэдэвт мэдээлэл, сургалтыг УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, Авлигатай тэмцэх газар хамтран  өнөөдөр зохион байгууллаа.


Нийтийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор шинэчлэн бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхлээд байна. 


Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйл” сэдвээр, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Х.Хашбаатар “Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах нь” сэдвээр тус тус илтгэл тавив.



Сургалтын үеэр илтгэгчид  Хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлдэг албан тушаалтны гаргадаг нийтлэг алдааны талаар жишээ баримттай тайлбарлаж өгөв. Тухайлбал, хадгаламжийн болон цалингийн мөнгөн дүнгээ бичихдээ нэгжийн оронг сайтар нягтлах, үнэтэй эд зүйлээ мэдүүлэхдээ эх үүсвэр, баримт нотолгоог заавал дурдах зэрэг асуудлыг анхаарахыг зөвлөв.


Сургалтад оролцогчид Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад анхаарах асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авлаа.

Холбоотой мэдээ