Австралийн нээлттэй тэмцээнд оролцох 72 тамирчин тусгаарлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-01-18 13:11:10

КАНБЕРРА. /CNN/. Катарын нийслэл Доха хотоос Австралийн Мельбурн хотын чиглэлийн нислэгээр ирсэн нэгэн зорчигчийн “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан тул Австралийн нээлттэй тэмцээнд оролцох өөр 25 тамирчныг 14 хоног тусгаарлахаар болжээ.


Ингэснээр Мельбурнд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр ирснийхээ дараа тусгаарлагдсан тамирчдын тоо 72 болж нэмэгдлээ гэж Австралийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулагчид мэдээлсэн байна.  


Халдвар илэрсэн зорчигчийн нисэх онгоцонд суухаасаа өмнө өгсөн шинжилгээний хариу сөрөг гарсан байжээ. Уг нислэгээр 58 хүн Мельбурнд ирсэн байна. Тусгаарлагдах шаардлагатай болсон 25 тамирчин 14 хоног зочид буудлын өрөөндөө байх шаардлагатай болжээ. Мөн тэд бэлтгэл хийж болохгүй юм.


АНУ-ын Лос-Анжелес, АНЭУ-ын Абу-Даби хотоос тусгай нислэгээр ирсэн зорчигчдоос халдвар илэрсэн тул 47 тамирчин 14 хоног тусгаарлагдах шаардлагатай болсон талаар Австралийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулагчид өмнө нь мэдээлээд байсан юм.


Австралийн нээлттэй тэмцээнийг энэ сарын 18-31-нд зохион байгуулахаар товлоод байсан боловч “COVID-19”-ийн улмаас ирэх хоёрдугаар сар хүртэл хойшлуулаад байна. 

Холбоотой мэдээ