Эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-17 12:43:37

Ховд /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын Ховд аймгийн нэгдсэн дүнгээр хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодорхойлжээ.

Хөдөлмөрийн нас буюу 15, түүнээс дээш насны нийт хүн амын 55.8 хувь нь ажиллах хүчинд багтаж байна.

Өөрөөр хэлбэл, 15 ба түүнээс дээш насны хүн ам 58345 байна. Үүнээс ажиллах хүч 32559 байгаа аж.

Нийт хөдөлмөрийн насны хүн ам дотор ажил эрхэлдэг иргэд 30503 буюу 59.1 хувийг эзэлж байна. Харин ажилгүй иргэд 2056 байна.

Мөн 60 ба түүнээс дээш насны хүн амын 17.6 хувь нь ажиллах хүчинд хамрагдаж байгаа юм. 

Харин ажиллах хүчнээс гадуурх 25786 иргэн байна. Үүнээс боломжит ажиллах хүч 23.8 хувийг эзэлж буй.

Судалгаагаар ажиллах сонирхолгүй 109, тохирох ажил олдохгүй 3273 иргэн байна. Мөн сургуульд сурдаг 11504, гэрийн ажилтай 1985 иргэн бий. Түүнчлэн хөдөлмөр эрхлэх чадваргүй 1041, тэтгэвэрт 5776, бусад төрлийн 2099 иргэн байна гэх судалгаа гарчээ.

Одоогоор эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо, эмэгтэйчүүдийнхээс өндөр байна. Байршлын хувьд эрэгтэй, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо нь хөдөөд хотынхоос өндөр байна. Ялангуяа, хөдөөгийн эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо 67.8 хувь байгаа юм. Энэ нь хөдөөгийн хүн амын дийлэнх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэгтэй холбоотой.

Ажилгүй иргэдийн дотор 25-29 насны 521 залуу байгаа. Энэ нь нийт ажилгүй хүний 25.3 хувийг эзэлж байна. Харин 30-аас дээш насныханд эрэгтэйчүүд илүү их ажилгүйдэлд өртөж байна гэх судалгаа гарчээ. 

Холбоотой мэдээ